
Монголын үндэсний бөхийн холбооны салбар хороо болох Баянзүрх дүүргийн бөхийн холбоо 2025 оны есдүгээр сард байгуулагджээ. Улаанбаатарт хотын төвийн зургаан дүүргээс анхдагч болж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Баянзүрх дүүргийн бөхийн холбооноос "Монгол бөхийн өдөрлөг"-ийг ирэх есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахаар болсон талаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус салбар хорооны тэргүүн Д.Ууганбаатар "Монголын үндэсний бөхийн салбар хороо 21 аймаг, алслагдсан гурван дүүрэгт бий. Харин төвийн зургаан дүүргээс Баянзүрх дүүргийн холбоо өнгөрөгч оноос эхлэн үйл ажиллагаагаа хийж байна. Албан ёсоор 400,000 орчим, албан бусаар 500,000 гаруй хүн амтай том дүүрэгт цаг үеийн шаардлагаар бөхийн холбоо үйл ажиллагаа явуулж байна. Монгол бөхөө сурталчлах, таниулах зорилгоор "Монгол бөхийн өдөрлөг" зохион байгуулахаар төлөвлөж байна. Ийм өдөрлөг зохион байгуулахын ач холбогдол нь маш их. Тухайлбал энэ үеэр бөхийн сэдвээр лекц уншиж, монгол бөхийн мэхний хичээл, үзүүлэх тоглолт, азтан тодруулах сугалаа зэрэг олон үйл явдал болох юм. Түүнчлэн бусад 21 аймаг, гурван дүүрэг болон сумдын бөхийн холбоондоо "Монгол бөхийн өдөр"-тэй болгохыг уриалж байгаа юм. Үүнийг үлгэрлэх үүднээс өдөрлөг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Бид удахгүй бусад холбоодод албан бичиг явуулна" гэв.
Баянзүрх дүүргийн бөхийн холбооноос "Монгол бөхийн өдөрлөг"-ийг ирэх есдүгээр сарын 13-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын урд талын буюу Жуковын хөлбөмбөгийн талбайд хийхээр болжээ.