
Юрийн галавын дунд үед хамаарах (174.7-161.5 сая жилийн өмнөх) хоёр нутагтан амьтны чулуужсан мөр Хятадын нийслэл Бээжин хот орчмоос олджээ. Уг олдвор Ази тивд анх удаа илэрсэн нь энэ юм.
Хоёр хөлийн мөр нэг хавтан дээр чулуужиж үлдсэнийг Бээжингийн Мэньтоугоу дүүрэг дэх уулын энгэрээс олсон байна.
Энэхүү мөрүүдийг нэг амьтных болохыг тогтоожээ. Учир нь мөрүүдийн нэг нь нэлээд тод хадгалагдан үлдсэн бөгөөд урт нь 1.5 см, өргөн нь 1.3 см юм.
Уг олдвор нь Юрийн галавын үеийн Ази тив дэх судлагдаагүй үлдсэн хоёр нутагтан амьтдыг судлахад тус дөхөм болохын зэрэгцээ 160 сая жилийн өмнөх Хятадын хойд нутгийн газар зүй ба байгаль орчны нөхцөл байдал, биологийн олон янз байдлыг судлахад шинэ мэдээллийг өгөх аж.
“Энэ бол Азид Юрийн галавын үеийн хоёр нутагтан амьтны чулуужсан мөр илэрсэн анхны тохиолдол” хэмээн Бээжин хот дахь Хятадын Газар зүйн шинжлэх ухааны их сургуулийн мэргэжилтэн Шин Лида өгүүлжээ.