
Тээвэр, шуудангийн компани FedEx АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын онцгой байдлын тарифын талаар “бүрэн хэмжээний буцаан олголт” шаардан шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Трамп өнгөрсөн оны дөрөвдүгээр сард International Emergency Economic Powers Act (Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хууль, IEEPA)-д үндэслэн ихэнх улс оронд өндөр тариф ногдуулсан. Гэвч өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дээд шүүх уг хууль нь ерөнхийлөгчид импортод татвар (тариф) тогтоох эрх олгодоггүй гэж шийдвэрлэсэн юм.
Энэхүү шийдвэр нь өнгөрсөн жилээс хойш нэмэлт импортын татвар төлсөн компаниудад мөнгөө буцаан нэхэмжлэх боломжийг нээж өглөө.
FedEx нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгчид IEEPA-ийн дагуу АНУ-д төлсөн бүх тарифын мөнгийг хариуцагч нараас өөрсдөдөө бүрэн хэмжээгээр буцаан олгохыг хүсэж байна” гэжээ. Тус компани хэдий хэмжээний мөнгө нэхэмжилж буйгаа тодорхой дурдаагүй байна. Нэхэмжлэлдээ АНУ-ын Гааль, хил хамгаалалтын алба, тус байгууллагын комиссар Родни Скотт болон АНУ-ыг хариуцагчаар нэрлэжээ.
FedEx АНУ-ын Олон улсын худалдааны шүүхэд гаргасан өргөдөлдөө тарифын төлбөрийг өөрөө хариуцан төлсөн бөгөөд үүнтэй холбоотойгоор хохирлоо барагдуулахыг хүсэж байгаагаа дурдсан байна. FedEx “Дээд шүүхийн шийдвэрийн дараа импортлогчийн хувьд өөрийн эрх ашгийг хамгаалан тарифын буцаан олголт авахын тулд шаардлагатай арга хэмжээг авсан” гэжээ.
Даваа гараг (2026.02.23)-т АНУ-ын 22 сенатор (бүгд Ардчилсан намын гишүүд) Трампын засаг захиргаа 180 хоногийн дотор тарифын орлогоос бүрэн, хүүтэй нь буцаан олгохыг шаардсан хуулийн төсөл өргөн барьжээ. Төсөлд буцаан олголтыг хариуцах АНУ-ын Гааль, хил хамгаалалтын албанаас жижиг, дунд бизнесүүдийг нэн тэргүүнд авч үзэх ёстой гэж заасан байна.
Олон улсын онцгой байдлын эдийн засгийн эрх мэдлийн тухай хуулийн дагуу АНУ-д экспортлогдсон ихэнх бараанд ногдуулсан тарифын орлогоор Трампын засаг захиргаа 130 орчим тэрбум ам.долларын нэмэлт орлого олсон гэж тооцоолжээ.
Хэдийгээр шүүх Трампын тариф хууль бус гэж тогтоосон ч татвар төлсөн этгээдүүдэд мөнгийг хэрхэн буцаах талаар тодорхой заавар гаргаагүй байна. Шийдвэр гарсны дараа Трамп болон Сангийн сайд Скотт Бессет нар буцаан олголтын асуудал олон жилээр сунжирч болзошгүй гэж мэдэгдсэн.
Сүүлийн долоо хоногуудад, шийдвэр гарахаас өмнө, гоо сайхны компани Revlon, хөнгөн цагааны аварга Alcoa, мөн туна загасны брэнд Bumble Bee зэрэг олон зуун компани тарифыг эсэргүүцэн шүүхэд хандсан бөгөөд буцаан олголтын дараалалд орохыг зорьжээ.
Мөн Costco өнгөрсөн жил урьдчилан сэргийлэх байдлаар Трампын засаг захиргааг шүүхэд өгсөн байна. Тэд нэхэмжлэлдээ “IEEPA-ийн эх бичвэрт “тариф” гэх үг болон түүнтэй ижил утгатай нэр томьёо огт ашиглаагүй” гэж дурджээ. Өнгөрсөн баасан гарагт ерөнхийлөгч Трамп 1974 оны Худалдааны тухай хуулийн 122-р зүйлд (Section 122 of the Trade Act of 1974) тулгуурлан бүх улсаас орж ирэх бараанд 10 хувийн түр тариф тогтоох тухай зарлигт гарын үсэг зурсан. Бямба гарагт тэрээр уг тарифыг 15 хувь болгон нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.