
Өмнөд Солонгосын улс төр, гэмт хэргийн талаар хөндөх “Made in Korea” триллер цувралын хоёрдугаар бүлэг "Disney+" болон "Hulu" платформоор нээлтээ хийлээ. Эхний бүлгийн үйл явдлаас хойш есөн жилийн дараа буюу 1979 оны Солонгосыг тус бүлэгт дүрсэлсэн аж. Мөн Хён Бин, Жон У Сон, Ү До Хван нар гол дүрүүддээ эргэн ирж байна. Шинэ бүлэг нийт зургаан ангитай агаад долоо хоног бүр хоёр ангийг зэрэг гаргах хуваарьтай юм.
Хоёрдугаар бүлэгт Хён Биний бүтээсэн Бэк Ги Тэ өмнөхөөсөө хавьгүй өндөр байр сууринд хүрч, Солонгосын Төв тагнуулын газарт хүч нөлөөгөө тэлсэн нэгэн болжээ. Харин Жон У Соны тоглодог прокурор Жан Гон Ёны дүрийн хувьд өнгөрсөн есөн жилийн турш өшөө авалтынхаа төлөвлөгөөг боловсруулж ирсэн байв. Үүний зэрэгцээ Бэк Ги Тэгийн дүү Бэк Ги Хён цэргийн албанаас хат суусан, өөрийн гэсэн үзэл бодолтой хүн болж, ахынхаа эсрэг зогсох эсэх нь шинэ бүлгийн гол зөрчлийн нэг болж байна.
Киноны үйл явдал өрнөх 1979 онд Өмнөд Солонгост ерөнхийлөгч Пак Чон Хигийн аллага, улмаар цэргийн эргэлт болсон түүхэн нөхцөл байдал өрнөсөн юм. Бодит түүхэн хүмүүсийг шууд өгүүлэхээс илүүтэй зохиомол дүрүүдийн тэмцлээр дамжуулан тухайн үеийн эрх мэдэл, авлига, төрийн байгууллагуудын дотоод зөрчлийг шинэ бүлэгт илчлэн харуулахыг зорьжээ.