
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. ХҮН намын УИХ дахь зөвлөлөөс Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад П.Ганзоригийг нэр дэвшүүлжээ. Тус байнгын хорооны дарга Б.Найдалаа Эрчичм хүчний сайдаар томилогдсон учир даргыг нь шинээр сонгох шаардлага үүсжээ. Засгийн газарт хамтран ажиллаж буй нам, эвсэл Байнгын хороодын даргаар гишүүдээ сонгон ажиллуулдаг юм.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Уг асуудлыг ирэх пүрэв гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.