
Цаг агаарын урьдчилсан мэдээллээр өнөө шөнө Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, маргааш буюу наймдугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ, Төв, Өвөрхангайн нутгаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Энэ сарын 10-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний бороо, 11-нд Орхон-Сэлэнгийн сав газар, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Иймд, иргэд гол, мөрөн нуурын ойролцоо аялаж амрахдаа сонор, сэрэмжтэй байхаас гадна бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй, хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орохгүй байхыг зөвлөж байна.
