Монгол хүн сард хамгийн багадаа хэрэглэх зайлшгүй шаардлагатай зүйлсийг мөнгөн хэлбэрээр илэрхийлсэн дүн нь “амьжиргааны доод түвшин”.

Хуульд тодорхойлсноор хүний нэн тэргүүний хэрэгцээг хангах зайлшгүй хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээ гэсэн нь бий. Жил бүр шинэчлэгддэг энэ үзүүлэлтээр 2025 онд баруун бүсэд 490 000 төгрөг, хангайн бүсэд 488 900 төгрөг, төвийн бүсэд 483 000 төгрөг, зүүн бүсэд 482 900 төгрөг, харин Улаанбаатарт 495 400 төгрөг байхаар тогтоосон.

Нас, бүсээр ялгаатай “тэтгэлгийн хэмжээ”

Амьжиргааны доод түвшингээр жишиж, хуульчилсан олон зохицуулалт бий. Тэр дундаа гэр бүл салалтаас үүдэлтэйгээр хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо амьжиргааны доод түвшингээр хувь хэмжээг тогтоодог хууль 1999 оноос эхлэн өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжсээр. Одоо хэрэгжиж байгаа Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд тэтгэлгийн хэмжээг дараах байдлаар тусгажээ.

- 40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
- 40.1.2. 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.

Хуулийн дагуу 11 хүртэлх насны хүүхдийн тэтгэлэгт ихдээ 245 мянган төгрөг авах боломжтой бол амьдарч байгаа газраасаа хамаарч 11-16 насныхан 495400 төгрөг хүртэлх тэтгэлэг авах боломжтой. Хэрвээ салсан эцэг /эх/ нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй гэж мөн хуульд заасан. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг нэгэн 792 мянган төгрөгийн 50 хувь буюу 396 мянган төгрөгөөр тэтгэлгийн дээд хэмжээг тогтоолгох нь эрх зүйн хувьд нээлттэй.

Хуульч, өмгөөлөгч Б.Буянжаргал

“Өнөөдөр хуулиар тогтоож байгаа хүүхдийн тэтгэлэг амьжиргаанд хаанаа ч хүрдэггүй. Нэг сарын өдөр өнжүүлэхийн төлбөр ямар үнэтэй байгаа билээ. Сар болгон өдөр өнжүүлэхийн төлбөрөө өгөөд хүүхэд амьдрах боломжгүй. Наад захын идэж уух, өмсөж зүүх, хичээлийн хэрэгсэл гээд өдөр тутмын хэрэглээг хангах хэрэгцээ бий. Гэр бүлийн тухай хуулиар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээхээс гадна насанд хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр хүүхдийн тэтгэлгээ өгөхгүй байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил.”

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хуулиар зохицуулж байна. Сүүлийн жилүүдэд хийгдсэн бусад эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад бүрэн нийцэхгүй байгаа учраас Гэр бүлийн хуулийг шинэчлэх төслийг боловсруулаад удсан. Хэдэн парламент дамжсан ч хэлэлцэгдээгүй өнөөг хүрсэн төслийг энэ удаагийн парламентаар батлуулахаар одоо олон нийтийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа.

Найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд
-Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын хамгаалах, цус ойртолтоос урьдчилан сэргийлэх
- Гэр бүлтэй адилтгах харилцаа буюу хамтран амьдрагч
- Гэрлэгчдийн эрх, үүрэг
- Гэрлэгчдийн байгуулах гэрлэлтийн гэрээ
- Гэрлэлт дуусгавар болох
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг, хариуцлага
- Эцэг, эх байх эрхийг хасах хязгаарлах
- Хүүхдийн тэтгэлэг
- Үрчлэлт
- Тээгч эх, үрийн донор гэх мэт нөхөн үржихүйн туслах аргыг ашиглаж төрсөн хүүхэд
- Олон улсын шинжтэй гэр бүлийн харилцаанд хэрэглэх хууль тогтоомж
зэрэг зохицуулалтыг тусгажээ.

ХЗДХЯ-ны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул

“Хүүхдийн тэтгэлгийн асуудлыг одоо амьжиргааны доод түвшингээр буюу сардаа 400-500 мянган төгрөг байхаар тогтоож байгаа. Бусад орны жишгийг харахад тэтгэлэг олгогчийн орлогоос хамаарч тэтгэлгийн хэмжээг тогтоодог улс орнууд олон байна. 1 сая төгрөгийн цалинтай хүн, 10, 20 сая төгрөгийн цалинтай хүн хүүхдэдээ ижил хэмжээнд өгч байгаа хуулийн энэ зохицуулалтыг цаашид тэтгэлэг олгогчийн орлогод нийцүүлэх байдлаар тогтоох асуудлыг хуулийн төсөлд тусгасан.”

Хүүхдийн нас, амжиргааны өртөг, зардал зэрэг хүчин зүйлсийг харгалзан тэтгэлэг төлөгчийн орлого, нөхцөлтэй уялдуулан Шүүхээс аргачлалаар тэтгэлгийн баталсан хэмжээг тогтоохоор хуулийн төсөлд тусгажээ. Мэдээж хүүхдийн тэтгэлэг нь тэтгэлэг төлөгчийн цалингийн орлогын 50 хувиас хэтрэхгүй байх, бүс нутгийн амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байх зэрэг заалтыг ч мөн төсөлд тусгажээ.

Хариуцлагыг чангатгана

2024 онд 14225 гэрлэлт бүртгэгдсэн бол 4463 өрх гэр бүлээ цуцлуулжээ. Өөрөөр хэлбэл, жилд бүртгэгдэж байгаа гэр бүлийн тоог салж байгаа гэр бүлийн тоотой харьцуулахад 2024 онд 31.4 хувьтай байна. 20 жилийн өмнө энэ үзүүлэлт 9.7 хувь, 10 жилийн өмнө 21.6 хувьтай байжээ. Гэр бүл салалт нэмэгдэхийн хэрээр шүүхээр шийдэгдэж байгаа хүүхдийн тэтгэлэг тогтоох хэргийн тоо ч өсөж байна. ШШГЕГ-ын тоон мэдээллээс харахад өнгөрсөн онд хүүхдийн тэтгэлгээ төлөх байдал 50.8 хувьтай байжээ. Энэ оны эхний улирлын байдлаар ШШГЕГ-т хүүхдийн тэтгэлгийн 14500 гүйцэтгэх баримт бичгийн 26.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа бол 18 778 хүүхэд, 7909 гүйцэтгэх бичиг баримт тогтмол төлөлттэй байна.

ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны ахлах мэргэжилтэн Э.Батхишиг

“2020 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 50 сая төгрөгөөс дээш болон 3 сар хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй хүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх болсон. Энэ хүрээнд 5000 орчим тэтгэлэг төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Ингэхэд 2600 орчим нь тэтгэлгийн хуримтлалаа төлсөн. Тэгэхээр хүүхдийнхээ тэтгэлгээ төлөх боломжтой байсан ч төлөхгүй байсан нь эндээс харагдаж байна. Мөн Зөрчлийн тухай хуулиар 3 сараас дээш хугацаанд тэтгэлгээ төлөөгүй бол 7-30 хоног хүртэл баривчлах арга хэмжээ авдаг ч мөн хариуцлагаа хүлээх болохоороо хуримтлагдсан тэтгэлгээ төлдөг тохиолдол цөөнгүй. Тэгэхээр хуулийн хариуцлагыг чангатгах нь хүүхдийн тэтгэлэг төлөлтөд түлхэц үзүүлэх боломжтой.”

Эцэг эх байх, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлдэггүй, шүүхээр тогтоосон тэтгэлгээ хариуцлагагүй этгээдэд өгдөггүй хүлээлгэх хуулийн хариуцлагыг чангатгахаар ийнхүү хэд хэдэн хуулийн төслийг шинэчлэл хүлээгдэж, эдгээр төслүүдэд олон нийтээс санал авч байна.

ХЗДХЯ-наас боловсруулаад байгаа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож, алданги төлөхөөр заалтыг оруулсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлд хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох тусгасан байна.