
БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага болох KOICA нь Глобал сургалтын хөтөлбөр(CIAT)-ийн төгсөгчдөд зориулсан ‘Мэдлэг ба Бодлого’ сэдэвт форумыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтын төгсөгчид энэхүү форумаар дамжуулан БНСУ-д сурсан бодлогын туршлага, хөгжлийн жишээгээ хуваалцаж, эдийн засаг, хууль эрх зүй зэрэг салбарын мэргэжилтнүүдийн лекцээр дамжуулан, Монгол Улсад тулгамдсан хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх бодит арга замыг эрэлхийлэх зорилготой юм.
KOICA нь БНСУ-ын Гадаад Харилцааны Яамны харьяа хөгжлийн албан ёсны тусламж(ODA) хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд хөгжиж буй улс орнуудын бие даан хөгжих чадвар болон тогтвортой өсөлтийг дэмжин дэлхийн 45 оронд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дижитал засаглал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон салбарт бодлогын зөвлөгөө өгөх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр төрөл бүрийн хөтөлбөр хэрэгжүүлдэг.
Монгол Улсад KOICA нь Хамтын ажиллагааны стратеги(CPS) болон KOICA-тай хамтран ажиллах төлөвлөгөө(CP)-д тулгуурлан “Алсын хараа–2050” зорилгыг дэмжиж, дижитал засаглал, хот байгуулалт, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбарт хүий нөөцийн чадавхыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж байна.
Энэхүү форум нь KOICA-ийн тогтвортой хамтын ажиллагааны бодлого, чиг хандлагын хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалт төгсөгчид маань мэргэжилтнүүдийн илтгэлээр дамжуулан олж авсан мэдлэг, туршлагаа бодит ажлын талбарт хэрэгжүүлж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахыг зорьж байна.