
Сингапур агааржуулагчийг өргөнөөр ашигладгаараа алдартай улс. Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлттэй нүүр тулж байгаа энэ үед төрийн албан хаагчдад оффисын температурыг дор хаяж 25°C д тохируулахыг үүрэг болгожээ.
Тус хот-улсын төрийн байгууллагууд мөн эрчим хүч хэмнэх зорилгоор LED гэрэл болон ухаалаг мэдрэгч зэрэг цахилгаан хэмнэлттэй технологи суурилуулах юм.
Сингапур нь эрчим хүч хэмнэх арга хэмжээ авч буй Зүүн Өмнөд Азийн бусад орнуудтай нэгдэж байна. Жишээлбэл, Тайланд иргэддээ агааржуулагчийн температурыг 26–27°C байлгахыг зөвлөсөн.
Энэ бүс нутаг нь Ормузын хоолойгоор дамжин ирдэг газрын тос, хийн тээвэрлэлтаас ихээхэн хамааралтай. Харин Ираны дайн эхэлснээс хойш энэ тээвэрлэлтийн зам бараг хаагдсан.
1999 онд орчин үеийн Сингапурын “эцэг” хэмээн өргөмжлөгддөг Ли Куан Ю агааржуулагчийг “халуун орны бүсийн хүмүүсийн амьдралыг өөрчилсөн” гэж онцолж байв.
Тэрээр “Би ерөнхий сайд болмогцоо хамгийн түрүүнд төрийн албаны барилгуудад агааржуулагч суурилуулсан. Энэ нь төрийн ажлын үр ашигт чухал нөлөөтэй байсан” гэж хэлж байсан юм. 2015 онд нас барсан Ли Куан Ю нь Сингапурыг колонийн дараах нөөц багатай арал байснаас Азийн хамгийн хөгжингүй эдийн засгуудын нэг болгон өөрчилсөн гол архитектор гэж үздэг.
Өнөөдөр тус улсад агааржуулагчгүй оффис бараг байхгүй. Гэхдээ зарим хүмүүс үүнийг хэт их ашигладаг гэж шүүмжилдэг. Ажилчид оффист хэт хүйтэн байдаг тул кардиган, ноосон цамц авчирч өмсөх нь энгийн үзэгдэл аж.
Зүүн Өмнөд Азийн олон хотод ил задгай худалдааны гудамж байдаг бол Сингапурын худалдааны төвүүд бараг бүгд бүрэн агааржуулагчтай.
Үнэндээ хүмүүс гудамжаар явахдаа дэлгүүрийн үүдээр өнгөрөхдөө мөс шиг хүйтэн агаар гэнэт мэдрэх нь түгээмэл. Хотын бүх автобус, галт тэрэг мөн агааржуулагчтай. Ихэнх айлууд ч агааржуулагчтай бөгөөд ихэнхдээ шөнөжин ажиллуулдаг.
Сингапурын Тогтвортой байдал, Байгаль орчны яам 4-р сарын 8-нд мэдэгдэхдээ Ираны дайн дэлхийн түлшний нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлж байгаа тул засгийн газар “үлгэр жишээ үзүүлж” эрчим хүч хэмнэх арга хэмжээг эхлүүлж байна гэжээ. Төрийн албан хаагчдад агааржуулагчийг 25°C-д тохируулж, ашиглах хугацааг нарийн хянахыг үүрэг болгосон.
“Температурыг нэг градусаар нэмэх бүрт эрчим хүчний хэрэглээ ойролцоогоор 10%-иар буурдаг” гэж тус яамнаас мэдээлсэн.
Мөн ажилчдад сэнс ашиглах, нийтийн тээврээр зорчихыг зөвлөж байна. Бизнес эрхлэгчид болон иргэдийг ч мөн адил арга хэмжээ авахыг уриалжээ.
Сингапурт түлшний үнэ өссөн бөгөөд эрх баригчид Ойрхи Дорнод дахь дайнаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлүүд үргэлжилж болзошгүйг анхааруулсан.
Одоогоор тус улс түлшний нөөцөө ашиглаагүй, хуваарилалтын арга хэмжээ аваагүй байна.
АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн албаны мэдээлснээр Сингапурын түүхий нефтийн импортын гуравны хоёр орчим нь Ойрхи Дорнодоос ирдэг.
Персийн булангийн нефтьд илүү хамааралтай азийн бусад орнууд нийлүүлэлтийн өөр эх үүсвэр хайж, түлшний үнийн өсөлтийн нөлөөг бууруулах арга зам эрэлхийлж байна.
Филиппин нефтийнхээ 98%-ийг Ойрхи Дорнодоос импортолдог тул төрийн байгууллагын ажлын долоо хоногийг богиносгож, эрчим хүч хэмнэх арга хэмжээ авсан. Мөн цахилгаан, түлшний хэрэглээг бууруулахыг үүрэг болгожээ.
Сүүлийн долоо хоногуудад бензиний үнэ хоёр дахин өссөнөөс болж тус улс гуравдугаар сард үндэсний хэмжээний эрчим хүчний онц байдал зарласан анхны улс болсон.
Тайланд мөн яаралтай арга хэмжээ авч, төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллахыг үүрэг болгосон.
Мөн иргэддээ агааржуулагчийг 26–27°C-д тохируулах, хамтран машин унах эсвэл нийтийн тээврээр зорчихыг уриалсан.
Өмнөд Солонгос эрчим хүчнийхээ гуравны хоёроос илүүг Персийн булангаас импортолдог тул эрчим хүч хэмнэх кампанит ажил эхлүүлж, иргэдийг богино хугацаанд шүршүүрт орох, угаалгын машиныг зөвхөн амралтын өдрүүдэд ашиглахыг уриалжээ.
Японы Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн Ичиро Кутани энэ нөхцөл байдлыг “Азийн хямрал” гэж тодорхойлсон. Тэрээр хөгжиж буй орнууд бензин хөдөлгүүртэй автомашины тоо их, мөн хий ашигладаг өрхүүд олонтой тул илүү хүчтэй цохилтод өртөж байна гэж хэлжээ.
Урт хугацаанд энэ нь азид “энэ хямралаас сургамж авч, нефтийг илүү үр ашигтай ашиглах, нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэх” шаардлагатайг харуулж байна гэдгийг Кутани онцолжээ.