
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мэдэгдлээ. Ингэснээр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх, түүнийг чөлөөлөх асуудлыг УИХ хэрхэн шийдвэрлэх, ээлжит бус сонгуулийг хэзээ зохион байгуулах зэрэг олон асуудал ар, араасаа хөвөрч байна. Эдгээр асуултад Үндсэн хууль, холбогдох хуулийн заалт болон түүний улс төрийн замналд тулгуурлан хариулт хайя.
Ерөнхийлөгч ажлаа өгнө гэдэг нь огцорчихлоо гэсэн үг биш
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 5-д Ерөнхийлөгчийг чөлөөлөх, огцруулах асуудлыг шийдвэрлэх нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарна гэж заасан. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргалаа гэхэд тэр даруйдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болохгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу үйл явц ингэж өрнөнө.
Албан ёсны өргөдөл гаргах-Ерөнхийлөгч эрүүл мэндийн байдал, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлнэ.
Байнгын хороогоор хэлэлцэх-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн хүсэлтийг хэлэлцэж, санал, дүгнэлт гаргана.
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх-Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн ил санал хураалт явуулна.
Бүрэн эрх дуусгавар болох-УИХ-ын гишүүдийн олонх хүсэлтийг дэмжиж, Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль баталсан тохиолдолд бүрэн эрх нь албан ёсоор дуусгавар болно. Хэрэв УИХ-ын олонх дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн бүрэн эрх хэвээр үргэлжилнэ.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ
Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулна” хэмээн тусгасан. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөж, бүрэн эрх нь дуусгавар болсон тохиолдолд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ. Мөн Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт “Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно” хэмээн тусгасан байдаг.
Дөрвөн сарын дотор ээлжит бус сонгууль явуулна
Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулахаар заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 74.2-т “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг энэ хуульд нийцүүлэн дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулна” хэмээн хуульчилсан. Хэрвээ Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2026 оны арваннэгдүгээр сард дуусгавар боллоо гэж үзвэл 2027 оны гуравдугаар сар гэхэд ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлага үүснэ. Дөрвөн сарын хугацаа Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон албан ёсны өдрөөс тоологдоно.
Ээлжит бус сонгууль бол өмнөх Ерөнхийлөгчийн үлдсэн хугацааг нөхөж ажиллах хүнийг сонгох сонгууль биш. Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй чөлөөлөгдвөл 2027 онд болохоор хүлээгдэж байсан ээлжит сонгуулийн хугацаа урагшилж, дараагийн зургаан жилийн улс төрийн шинэ мөчлөг эхлэх нөхцөл бүрдэнэ.
2027 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр СЕХ-ны дарга Н.Мягмар "Ерөнхийлөгчийн сонгуулийг санал тоолох 3000 шинэ машинаар зохион байгуулна. 2027 оны төсвийн төсөлд санал тоолох автомат төхөөрөмж буюу олон нийтийн нэрлэж заншсанаар хар машины санхүүжилтийг тусгаж өгсөн. Санал тоолох 2000 машины санхүүжилт 29.2 тэрбум төгрөгийг тусгасан байгаа. Ирэх оны эхний улиралд санал тоолох төхөөрөмжүүдээ хүлээж авна гэж төлөвлөж байгаа. Энэ онд санал тоолох 1000 төхөөрөмж авсан. Одоо техникийн баталгаажуулалтыг нь хийгээд дуусаж байгаа" гэсэн. Тэгэхээр эхний улиралдаа багтаж ирнэ гэхээр 2027 оны гурван сар гэхэд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолоход ашиглах шинэ төхөөрөмжүүд амжиж ирэхгүй нь бололтой.
Ерөнхийлөгчид дахин нэр дэвшиж болох уу?
Энэ асуултыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хэвлэлд ярилцлага өгөх үедээ гаргаж тавилаа. Түүний үзэж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дөрвөн сарын дараа дахиад нэр дэвшинэ гээд ороод ирж магадгүй. Хуулийн зохицуулалт байхгүй гэсэн ярилцлага өгсөн юм. Тэгвэл Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэ бол төрийн тэргүүнээр ажиллах хугацаа, дахин сонгогдох боломжид тавьсан Үндсэн хуулийн шууд хязгаарлалт. У.Хүрэлсүх 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогдсон. Тиймээс бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан эсэхээс үл хамааран нэг удаа сонгогдсон гэдэг эрх зүйн бодит байдал өөрчлөгдөхгүй. Үндсэн хуульд Ерөнхийлөгч зургаан жил ажиллаж дууссан тохиолдолд дахин нэр дэвшихийг хориглоно гэж заагаагүй. Харин зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэж заасан. Тэгэхээр зургаан жил ажиллахаар сонгогдсон хүн таван жил ажиллаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө гэхэд өмнөх сонгуулиар сонгогдсон нь хүчингүй болохгүй.
2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дөрвөн жилээс зургаан жил болгож, дахин сонгогдох боломжийг хязгаарласан. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөнөөр дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь сэргэнэ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч өмнө нь Цэцээр шийдвэр гаргуулж, дахин нэр дэвших нь гэсэн хардлагад маш тодорхойгоор “Үгүй” гэж хариулж байсан удаатай.
Огцорсны дараа өгсдөг улс төрийн замнал
Гэхдээ У.Хүрэлсүхийн улс төрийн ирээдүйг зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар хязгаарлан харах нь учир дутагдалтай. Түүний өнгөрсөн замналыг сөхвөл албан тушаалаасаа буусан гурван удаагийн шийдвэрийн дараа улс төрийн байр суурь нь улам бэхэжсэн байна.
2012 онд УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн. Тухайн үед түүний улс төрийн замнал хэрхэх нь тодорхойгүй байв. Гэвч 2014 онд Монгол Улсын Шадар сайд болсон. 2017 оны наймдугаар сард Шадар сайдаас өөрийн хүсэлтээр огцорч 2017 оны аравдугаар сард Ерөнхий сайд болсон. 2021 онд Ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон. Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдалд энэ шийдвэрийг Засгийн газрын хариуцлагатай холбон тайлбарлаж байлаа. Харин хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан. Ийнхүү 2012 онд чөлөөлөгдсөнийнхөө дараа гүйцэтгэх засаглалын тэргүүн, 2021 онд огцорсныхоо дараа төрийн тэргүүн болжээ. Энэ хоёр үйл явдлыг харахад У.Хүрэлсүхийн хувьд албан тушаалаасаа буух нь улс төрийн замналынх нь төгсгөл болж байгаагүй ажээ. Харин ч дараагийн өндөр албан тушаалд хүрэхийн өмнөх үе шат болж өнгөрсөн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдвөл дахин төрийн тэргүүнээр сонгогдох боломжгүй. Гэхдээ энэ нь түүнийг улс төрийн бусад албан тушаалд ажиллах боломжгүй болгохгүй. Үндсэн хуульд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэнийг дараа нь Ерөнхий сайд болох, УИХ-ын гишүүнээр сонгогдох, улс төрийн намын удирдлагад ажиллахыг хориглосон заалт байхгүй. Тиймээс У.Хүрэлсүх намын удирдлагад эргэн ирэх үү, гүйцэтгэх засаглалд дахин оролцох уу, эсвэл албан тушаалгүйгээр улс төрийн нөлөөгөө хадгалах уу гэсэн асуултууд зүй ёсоор гарч ирлээ.