
Шинжээчдийн үзэж байгаагаар, Ши Жиньпиний хувьд армийн доторх авлигатай тэмцэх нь тэргүүлэх зорилт хэвээр байна.
Бээжин хотод болсон “хоёр чуулган”-ы үеэр олон мянган албан тушаалтан цугласан ч идэвхтэй болон тэтгэвэрт гарсан арваад цэргийн офицер оролцоогүй байна. Тэдний дунд генерал Жан Юуся байсан бөгөөд тэрээр “ноцтой сахилгын зөрчил гаргасан болон хууль зөрчсөн” хэрэгт сэжиглэгдэн нэгдүгээр сараас хойш шалгагдаж байгаа тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Жан Юүся нь Ши Жиньпиний урт хугацааны засаглалын онцлог болсон авлигын эсрэг өргөн хүрээний кампанит ажилд өртсөн хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.

Ши 2012 онд эрх мэдэлд гарсныхаа дараа “урьд өмнө байгаагүй авлигын эсрэг шуурга” эхлүүлж, дээд түвшний “бар” болон доод түвшний “ялаа”-г зэрэг онилсон гэж Синьхуа агентлаг тайлагнажээ.
Тайваний Үндэсний батлан хамгаалах, аюулгүй байдлын судалгааны хүрээлэнгийн судлаач Чие Чунгийн хэлснээр, энэ удаагийн кампанит ажил илүү өргөн хүрээг хамарч байна. Энэ нь Хятадын Төв цэргийн зөвлөл, улс төрийн комиссар, таван цэргийн тойрог, төрөл бүрийн зэвсэгт хүчний командлагчдыг хүртэл хамарч байгаа аж.
Армийн 100 жилийн ойд бэлтгэж буй Хятад
Хятадын цэргийн албан ёсны сонинд “Авлига бол байлдааны чадварыг мохоож буй хамгийн том хорт хавдар” гэж онцолжээ.
Ардын чөлөөлөх армийн сүүлийн тайланд авлигын эсрэг тэмцлийг улс төрийн шинэчлэл, үнэнч байдлыг хангахтай адил чухал зорилт гэж тодорхойлсон байна. Энэ кампанит ажил нь 2027 онд тохиох армийн 100 жилийн ойтой давхцаж, олон жилийн шинэчлэлийн үр дүнг дүгнэхтэй холбоотой.
Судлаач Тристан Танг “энэ нь зэвсэгт хүчний удирдлагад Ши Жиньпин сэтгэл хангалуун бус байгааг илтгэж байна” хэмээн тайлбарлав.
Сүүлийн жилүүдэд олон арван албан тушаалтан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бөгөөд АНУ-д төвтэй CSIS China Power Project-ийн тооцоогоор 2022 оноос хойш 100 орчим өндөр албан тушаалтан “цэвэрлэгээнд” өртсөн байж болзошгүй гэнэ.
Тайваньтай холбоотой Хятадын байр суурь улам хатуу болж байна
Хятад улс Тайванийг энхийн замаар эсвэл хүчээр нэгтгэнэ гэж мэдэгдсээр ирсэн. АНУ 1979 оны Тайванийн харилцааны тухай хуулийн дагуу Тайванийг хамгаалахад тусална гэж амласан ч цэрэг илгээнэ гэж амлаагүй.
АНУ-ын тэтгэвэрт гарсан адмирал Филип Дэвидсонийн үнэлгээгээр Хятадын арми 2027 он гэхэд Тайвань руу цэргийн ажиллагаа явуулах чадвартай болно.

Хятадын сүүлийн тайлангууд Тайванийг нэгтгэх нь тэргүүлэх зорилт хэвээр байгааг харуулж байна. Гэсэн ч удирдлагын өөрчлөлтүүд нь Тайванийн орчим дахь цэргийн ажиллагаанд одоогоор мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй гэж шинжээчид үзэж байна.
2025 оны 12-р сард Хятадын Зүүн бүсийн командлал Тайванийн орчимд “Justice Mission 2025” нэртэй цэргийн сургуулилалт явуулсан нь энэ систем тогтвортой ажиллаж байгааг харуулна. Мөн 2026 онд “хамтарсан байлдааны бэлэн байдлын эргүүл”, “саарал бүсийн ажиллагаа” үргэлжилсээр байгаа нь Тайванийг дарамтлах, түүний цэргийн нөөцийг шалгах зорилготой юм.