Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган салбартаа тэргүүлсэн нэр бүхий хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа.
Монголын спортын салбараас өнөөдөр дөрвөн гавьяат тамирчин шинээр мэндэллээ. Энэ өдөр оюун ухааны спортын ихэр тамирчид болон сагсан бөмбөг, шатрын төрлөөс гавьяат цолтон нэмэгдэж төр засагтаа амжилтаа үнэлүүлсэн юм.
Оюун ухааны спортын тамирчин, ой тогтоолтын спортын Дэлхийн хошой аварга Н.Мөнхшүр, оюун ухааны спортын тамирчин, олон улс судлаач, Олон улсын их мастер Н.Энхшүр болон сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Т.Санчир, Олон улсын шатрын их мастер, сурагчдын дэлхийн аварга, Монгол Улсын 25 дахь аварга А.Энхтуул нар гавьяат тамирчин боллоо.
Гавьяат тамирчин Т.Санчир: -Амжилт, ялалт, ялагдал бүхэнтэй маань хамтдаа байсан ээж минь тэнгэрээс ивээгээд одоо ч дэргэд бий гэдэгт итгэлтэй байна. Ээж минь гавьяат болохыг минь харсан бол надаас илүү баярлах байсан байх. Баярлахын хажуугаар маш их хариуцлага гэж бодож байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны үе үеийн удирдлагууддаа баярлалаа. Мөр зэрэгцэн шигшээ баг, үндэсний лигт тоглож байгаа тамирчдадаа, ах, дүү, хөгжөөн дэмжигч нартаа баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна. Сагсан бөмбөг багийн спорт олон хүний хүч хөдөлмөр байдаг. Миний хувьд Монголынхоо сагсан бөмбөгийн хөгжилд өөрийн чадах зүйлээрээ хувь нэмрээ оруулаад явна гэж бодож байна.
Гавьяат тамирчин А.Энхтуул: -Оюуны спортыг үнэлж шагнасанд талархаж байна. Төр, ард түмэндээ баярлалаа. Оюуны спорт хөгжих тусам тухайн улсын боловсролын түвшин тодорхойлогддог гэж боддог. Энэ ч утгаараа манай шатрын холбоо шатрын спортыг үндэсний хэмжээнд хөгжүүлэх санал санаачилгыг хэрэгжүүлээд явж байна. Энэ бол шатарчин бидний мөрөөдөл. Энэ том зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бид бүгд сэтгэл зүрхээрээ хамтран ажиллана. Хүмүүн заяаг хайрласан ээж, аавдаа, ахан дүүстээ, Сэлэнгэ нутгийн зон олондоо, ачит багш нартаа баярлалаа.
Гавьяат тамирчин Н.Мөнхшүр: -Монголын оюун ухааны академийн тамирчин болж, маш олон улсын, тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцсон. Монголынхоо нэрийг гаргаж, дэлхийн хошой аварга боллоо. Олон улсын болон дэлхийн чансааны нийт 17 тэмцээнд орсноор 15-д нь түрүүлсэн. Нийтдээ 20 гаруй улсын болон дэлхийн рекордуудыг эвдсэн байгаа. Энэ бүх амжилтыг Монгол Улсынхаа нэрийн өмнөөс бүртгүүлсэн. Монголын оюун ухааны академийн бүх багш нартаа талархсанаа илэрхийлмээр байна. Ой тогтоолтын спортыг үнэлж байгаа төр засагтаа баярлаж байна.
Гавьяат тамирчин Н.Энхшүр: Бид хоёр оюуны спортын бүхий л боломжит оргилд хүрсэн. Хамгийн сүүлийн тэмцээн болох 2024 оны ой тогтоолтын олимпын тэмцээнд оролцож, олимпын аварга болсон. Тамирчин хүн үргэлж дэвших зорилготой байдаг. Тиймээс цаашдаа ч дэлхийн тавцанд гарахын тулд хичээх болно. Үнэхээр их баяртай байна
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар оюун ухааны спортоос төрсөн анхны гавьяат тамирчин болсон бол Т.Санчир сагсан бөмбөгийн спортын найм дахь, А.Энхтуул шатрын спортын тав дахь гавьяат тамирчин болж байна.

