
Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Төрийн ордонд болсон уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцож үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” зуны олимпын наадмын тухай мэдээллийг сонсож хэлэлцлээ.
Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулагдах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмэгдүүлэн тусгаж санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгалаа.
Мөн уг хурлаар Япон улсад болох Азийн зуны спортын ХХ наадам болон Азийн пара V наадамд оролцох баг тамирчдын тус улсад байх үеийн хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Уг санхүүгийн дэмжлэгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна.
