
Улсын нэгдүгээр төв эмнэлэг дэлхийн анагаах ухааны салбарын дэвшилтэт технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, иргэдэд хүртээмжтэй, чанартай үйлчилгээг хүргэх төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлэг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар БНСУ-ын "Meerecompany"-ийн зохион бүтээсэн “Revo-I” робот мэс заслын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.
Уг системийг нэвтрүүлэх ажлыг УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн баг хамт олон удирдаж ажилласан байна. Тус эмнэлэг нь эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх зорилгоор БНСУ-д сургахаас гадна ХСҮТ-ийн хамт олонтой нягт хамтран ажилласан гэдгээ онцлов. Цаашид уг технологийг өргөжүүлэх, иргэдэд үйлчлэх хүртээмжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгалд хамруулах, хүний нөөцөө бэлтгэх тал дээр анхаарч ажиллах ажээ.
Ийнхүү робот мэс заслын тусламжтай өвчтөнд аюул багатай үйлчилгээ үзүүлэх, хүрц хэцүү эмгэгийг авахад гардаг хүнд бэрхшээлийг шийдвэрлэх боломжтой аж. Мэс заслын эмч тус роботыг удирдаж тухайн өвчтөний эрхтэнг ялгах, оёдол тавих, хайчлах, тайрах зэрэг маш олон үйлдлийг хийнэ. Энэхүү робот мэс заслын үйлчилгээг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард "Хавдар судлалын үндэсний төв" нэвтрүүлж байсан бол Улсын нэгдүгээр төв эмнэлэг хоёр дахь нь болж байна.