
Азийн кино урлагийн ирээдүйн шилдэг уран бүтээлчдийш дэмжих зорилготой “Talents Tokyo” хөтөлбөрийн үргэлжлэл болох “Next Masters Support Programm”-д Монгол Улсын хоёр найруулагч шалгарчээ.
2010 оноос эхлэлтэй тус хөтөлбөр нь шинээр бүтээж буй киног дэмжихэд зориулан хоёр төрлийн санхүүжилт олгодог байна.
Энэ жил манай улсаас "Баавгай болох сон" киноны найруулагч П.Золжаргал “Sane Mother” бүтээлээрээ, "Сэр сэр" киноны найруулагч П.Лхагвадулам “The Vision of Lonely Mountains” кино төслөөрөө бүтээл хөгжүүлэх сангийн тэтгэлэг хүртжээ.
Уг тэтгэлэгт шалгарсан уран бүтээлчдэд 1.5 сая иен хүртэлх санхүүжилт олгодог гэнэ.
Түүнчлэн шалгарсан оролцогчид салбарын шилдэг мэргэжилтнүүдийн илтгэл, зөвлөгөөг сонсохоос гадна өөрсдийн төслийг танилцуулж, олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломжоо тэлдэг аж.
Уг хөтөлбөр нь Азийн шинэ, залуу кино найруулагч, продюсеруудыг дэмжин хөгжүүлэх, уран бүтээлчдийн хүрээллийг тэлэх, туршлага солилцох боломж олгох, олон улсад бүтээлээ сурталчилан таниулах, фестивалиудад оролцох суурийг тавих, төсөл хөгжүүлэлт болон олон улсад бүтээлээ таниулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг зорилготой юм.