
Бүгд найрамдах Солонгос Улсын ард түмэн ардчилсан намын нэр дэвшигч И Жэн Мёнийг дэмжин, тус улсын шинэ Ерөнхийлөгчөөр сонголоо. 2022 онд Юн Сок Ёлтой өрсөлдөж цөөн хувиар ялагдаж байсан ч түүний төрийн эргэлт хийх гэсэн оролдлого бүтэлгүйтсэнээр И Жэн Мёнд БНСУ-ын Ерөнхийлөгчид дахин нэр дэвших боломж олдсон билээ.
Олон нийтийн анхаарлын төвд байсан энэ удаагийн сонгуулийн ялагч урьдын таамгийн дагуу тодорсон гэхэд хилсдэхгүй. Учир нь сонгуульд нэр дэвшигчдийн дунд Ардчилсан намын И Жэн Мён хамгийн их анхаарал татаж, урьдчилсан санал асуулгыг байнга тэргүүлж байлаа. Тэрээр Ардын хүч намын Ким Мүн Сүгээс найман хувийн илүү санал авч ялалт байгуулав. Ардчилсан намын даргын хувиар Үндэсний ассамблейд намаа олонх болгоход гол үүрэгтэй ажилласан туршлага болоод өмнөх сонгуульд цөөн хувиар ялагдаж байсан туршлага нь түүнийг ялалтад хөтөллөө. Энэхүү ялалт нь БНСУ-ын тогтворгүй байсан улс төрд шинэчлэл болж, сонгуульд ялалт байгуулсан өдрийн маргаашаас эхлэн И Жэн Мён ажлаа эхлүүлж Засгийн газраа бүрдүүллээ.
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч И Жэ Мёний намтар түүх хамгийн их анхаарал татдаг. Олон хүүхэдтэй айлд өссөн, их сургуульд орохын тулд үйлдвэрийн ажилтан болсон, гэнэтийн болзооноос эхнэрээ сонгосон зэрэг сонирхолтой түүхүүд их бий. Алимаараа алдартай Андун нутгаас гаралтай түүний хувьд бага залуу наснаасаа олон зүйлийг хийж амжуулсан нь хожим улс төрд ороход том шалгуурыг давахад дөхөм болсон нь намтар түүхээс нь харагддаг.
И Жэ Мёний бага нас Андун нутагт өнгөрчээ. Олон хүүхэдтэй айлын тав дахь хүү тэрээр ядуу тарчиг амьдралд дунд өссөн ч сурлага сайтай, нийгмийн идэвхтэй нэгэн байв. Нийгмийн нэгэн тод гэрэл байхын тулд шаргуу тэмцлийнхээ дүнд их сургууль төгсөж, улмаар шат, шатны төрийн байгууллагад ажиллаж эхэлсэн гээд И Жэ Мёны намтар тун сонирхолтой. Цэргийн алба хаахаас өмнө үйлдвэрийн ажил хийж олон зүйлд өөрийгөө сорьж чадсан түүнд хичээлээ сайн хийх сануулга нь өнөөдрийн байр сууринд хүргэсэн гэдэг. Үйлдвэр дамжин цагийн ажил хийж байсан түүнд их сургуульд сурах нь хамгийн чухал байлаа. Гэр бүлийн санхүүгийн боломжгүй байдал И Жэ Мёнд нөлөөлсөн ч тэрээр хөдөлмөрийнхөө ачаар их сургуульд сурч, боловсролтой болж чаджээ. Хуулийн чиглэлээр их сургуулиа төгсөж хүний эрх болон хөдөлмөрийн хуульч чиглэлээр ажиллаж байсан түүнд ажлын хангалттай туршлага байв. Үүнийхээ үр дүнд 2005 онд улс төрд хөл тавьж, өнөөгийн улс төрийн амжилтын эхлэлийг бат суулгаж чадсан байна. 2010-2018 оны хооронд Соннам хотын даргаар ажиллаж байсан И Жэ Мён Гёнги мужийн захирагчаар амжилттай ажилласны дараа онцлох улстөрчөөр тодорч гарч ирсэн.
Түүний гаргасан шийдвэрүүд нийгэмд болон ард иргэдийн дунд хүчтэй дэмжлэг авч чаддаг учир шат дараалсан сонгуульд ялалт байгуулах нь их. 2022 онд Ерөнхийлөгч Юн Сок Ёлтой өрсөлдөж, цөөн хувийн саналаар ялагдаж байсан нь ч үүнийг илтгэнэ. Үндэсний ассамблейн сонгуульд ялалт байгуулж, намаа олонх болгоход гол үүрэг гүйцэтгэсэн гээд түүний улс төрийн хэв маяг нэгэнт тогтжээ. Энэ хэрээр Солонгосын ард түмний итгэлийг авч саналын хуудсанд бичигдсэн 44 сая иргэнээс 17 сая иргэн түүнд итгэл үзүүлсэн байна. Түүний ард бичигдсэн Ардын хүч намын Ким Мин Сү 14 сая иргэний санал авсан. И Жэ Мёны ялалт Ардын хүч намынханд хүнд цохилт болсон ч улс төрийн энэ ээдрээтэй үед солонгосчуудын байж болох хамгийн зөв хувилбар ч байх талтай. Түүний улс төрийн шийдвэр дэлхийн нийтийн гол анхаарлын төвд орж ирлээ. 2024 оны арванхоёрдугаар сард гаргасан Юн Сок Ёлын буруу шийдвэрийн ард бат зогсож чадсан И Жэ Мён энэ тэмцлээ үргэлжлүүлж чадсанаар ялалтаа бататгалаа. Түүний өмнө одоо улс төрийн том шинэчлэл хийх алхмууд эхэлсэн. Сонгуульд ялалт байгуулсны маргааш нь буюу зургаадугаар сарын 4-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон И Жэ Мён Засгийн газрын бүрэлдэхүүнээ бүрдүүлээд эхэлсэн билээ.
Судлаачид сонгуулийн дүнд олон талын дүн шинжилгээг хийсээр байна. Өнгөрсөн жил болсон Үндэсний ассамблейд 200 гаруй суудал авсан Ардчилсан намынхан энэ удаагийн сонгуульд ялалт байгуулах бүрэн боломжтой оролцсон. Парламентад хүчтэй суудалтай болсон Ардчилсан намынхан энэ хэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагч боллоо. Сонгуулийн өмнө итгэл төгс байсан И Жэн Мён ч энэ удаа санамсаргүйгээр биш “Ялсан шиг ялалт” байгуулья гэсэн итгэл үнэмшил дээрээ баттай байсан. Харин энэ удаа Ардын хүч намаас нэр дэвших тооцоололд огт байгаагүй, БНСУ-ын Хөдөлмөрийн сайдын албыг хашиж байсан Ким Мүн Сү гэх улстөрч нэр дэвшсэн нь И Жэ Мёнд давуу байдал бий болгосон юм. Энэ нь сонгуулийн өмнөх судалгаагаар харагдсан.
Улс төрийн тогтворгүй байдал үүссэн БНСУ-д энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд онцгой анхаарсан. Энэ хэрээр Төрийн хамгаалалтыг өндөр түвшинд гаргаж нэр дэвшигчдэд байж болох аюулгүй ажиллагааг бүрэн авч байсан юм. Мөн ялалт байгуулсан нэр дэвшигчийн Сонгуулийн ерөнхий хорооноос баталгаажуулж зургаадугаар сарын 4-нөөс эхлэн үүрэгт ажилд нь томилсон. Иймээс энэ удаагийн сонгууль урьд болж байгаагаагүйгээр анхаарлын төвд байлаа. Ардчилсан намынхан сүүлийн хоёр ч Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдаад байсан ялагдлаа энэ удаа зогсоосноор 61 настай И Жэ Мён 2030 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллана.
Солонгос судлаач Б.Батжаргал
“И Жэ Мёнд Ерөнхийлөгч болсон эхний нэг жилийн хугацаа хүнд байна. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Учир нь 25 сая иргэний саналыг аваагүй. И Жэ Мёний хамгийн хүнд асуудал эдийн засаг, гадаад бодлого, мөн Хойд Солонгос. Мэдээж Хойд Солонгостой яах вэ гэх асуудал гол анхаарал татаж байна. Мөн гадаадын иргэдэд илүү таатай мэдээ байна. Гадаад иргэдийн асуудалд нааштай хандах нь ойлгомжтой. Өмнөх Ерөнхийлөгчийн үед хууль бус иргэдийн баривчилгаа ямар түвшинд явагдсаныг бид харсан. Энэ удаа гадаад иргэдийн асуудал тэдний хөдөлмөр эрхлэх байдалд хатуу хандахгүй. Амаргүй сонголттой нүүр тулж эхэллээ.”
И Жэ Мёны гадаад бодлого нь тэнцвэртэй, прагматик буюу бодит байдлыг чухалчилсан хандлагатай байна. Энэ бодлого нь манай улсад ээлтэй байх магадлалтай гэж судлаачид үзэж эхэллээ. Учир нь сонгуулийн өмнө БНСУ-ын Үндэсний ассамблэйн дарга Ү Вон Шиг манай улсад айлчлаад буцсан. Энд яригдсан асуудлууд эргээд нааштай хариу гарахад дөхөм болохыг судлаачид хэлж байна.
Юн Сок Ёл Ерөнхийлөгчийн үед хууль бусаар амьдардаг гадаад иргэдийг баривчлан саатуулж нутаг буцаах асуудал хүчтэй явсан. Энэ их баривчилгааны үр дүнд хууль бусаар амьдарч байсан гадаад иргэд олноор нутаг буцсан билээ. Одоо Ерөнхийлөгч И Жэ Мёний үед гадаад иргэдэд харьцангуй таатай бодлого барина гэж судлаачид үзэж байна. БНСУ-д амьдарч буй гадаад иргэдэд ээлтэй бодлого барих болсон нь И Жэ Мёний мөрийн хөтөлбөртэй холбоотой. Тэрээр гадаад иргэдийн харьяатын бодлогод илүү нааштай хандах таамаглал гарч ирлээ. Тус улсад амьдарч буй гадаад иргэдийн хүүхдүүдэд ч халамжийн бодлого яригдаж эхэлсэн. Ардчилсан нам дотроо хүчтэй улстөрч болохоо харуулсан И Жэ Мёний улс төрийн бодлого анхаарал татсаар байна.