
ОХУ-ын Засгийн газар зарим бүс нутагт хэт олширсон хүрэн баавгайн тоо толгойг зохицуулах арга хэмжээ боловсруулж байгаа талаар лхагва гарагт мэдэгдэв. Тус улсад баавгайн халдлагын улмаас дор хаяж 22 хүн амиа алдсан байна.
Хамгийн сүүлд бүртгэгдсэн халдлагын үеэр Оросын Алс Дорнодын Камчаткад жимс, жимсгэнэ түүхээр явсан 23 настай эрэгтэйг баавгайд бариулж амиа алдсан талаар төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Сибирийн нэгэн эмэгтэй гэрийнхээ цэцэрлэгт мөн баавгайд бариулж амь насаа алдсан юм. Орос даяар хүний аминд хүрсэн баавгайн халдлага олширч байгааг мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлт болон хүмүүсийн болгоомжгүй үйлдэлтэй холбон тайлбарлаж байна.
“Баавгайн тоо толгой өсөхийн хэрээр асуудлын тоо ч нэмэгдэж байгаа нь тодорхой. Хүн болон амьтан аюулгүй зэрэгцэн орших нөхцөлийг бүрдүүлж, шаардлагатай тэнцвэрийг хадгалахын тулд системтэй арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газар одоогоор нэн тэргүүний хэд хэдэн арга хэмжээ боловсруулж байна” гэж ОХУ-ын Шадар сайд Дмитрий Патрушев мэдэгдэв.
Засгийн газар хүрэн баавгай агнах квотыг нэмэгдүүлэх эсвэл цуцлах, бүс нутгуудад баавгайн тоо толгойн дээд хязгаар тогтоох, орон нутгийн эрх баригчдад тоо толгойг нь зохицуулах нэмэлт эрх олгох, мөн асуудлыг шийдвэрлэхэд илүү их санхүүжилт шаардлагатай бүс нутгуудыг тодорхойлохоор төлөвлөсөн аж.
Сүүлийн 30 жилийн хугацаанд хүрэн баавгайн тоо толгой хоёр дахин өсөж, 308 мянгад хүрчээ. Үүнд өвөл богиносож, дулаарах болсон нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Дэлхийн хамгийн том газар нутагтай улс болох ОХУ-д энэ хавраас хойш баавгайн халдлагын улмаас дор хаяж 22 хүн амиа алдсан гэж төрийн мэдээллийн RIA агентлаг мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ жил хавар эрт эхэлж, хуурайшилт их байсан тул есдүгээр сард баавгайн хоол тэжээл болох жимс, жимсгэнэ хомсджээ. Үүний улмаас баавгайнууд хоол хүнс хайж илүү хол газар явахад хүрсэн байна. Мөн хүмүүс хүнсний хог хаягдлаа ил задгай орхисноор баавгайг татах, аюулгүй ажиллагааны дүрмийг үл тоомсорлох зэрэг үйлдлээрээ нөхцөл байдлыг хүндрүүлж байгааг мэргэжилтнүүд онцлов.
Байгаль орчны яамны мэдээллээр Сибирийн Красноярск мужид 27 орчим мянган баавгай байдаг. Тус мужийн мөрдөн шалгах байгууллага өнгөрсөн долоо хоногт орон нутгийн Байгаль орчны яамыг хайхрамжгүй ажилласан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгдсэн юм. Тус яамны хайхрамжгүй байдал нь зөвхөн есдүгээр сард долоон хүн амиа алдахад хүргэсэн гэж мөрдөн шалгагчид үзжээ.
Харин холбооны Байгаль орчны яам баавгайн халдлага олширсон гэх мэдээллийг намжаахыг оролдож, сүүлийн жилүүдэд ОХУ-д жил бүр 20-30 орчим баавгайн халдлага бүртгэгддэг гэж мэдэгдсэн байна. Гэвч сошиал медиа болон ухаалаг гар утас өргөн хэрэглээнд нэвтэрсэн нь ийм халдлагуудыг өмнөхөөсөө илүү олон мэт харагдуулж байна гэж яам тайлбарлажээ.