Ямар ч улсад төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Тухайн хууль төсвөө хэт тэлэхээс сэргийлдэг зарчимтай. Харин манайд төсөв тогтворгүй, басхүү хэт тэлэхдээ иргэдийнхээ халаас руу өнгийдөг. Хуримтлуулсан төсөв хэний гарын үсгээр хааш урсан одсоныг хэн ч мэдэхгүй, нэхэхгүй. Ингэж суутал асуудал ирээдүй дээр сүүдрээ тусгав.
Учир нь Боловсролын зээлийн сангийн тэтгэлэгтэй холбоотой асуудлаар оюутнууд үзэл бодлоо илэрхийлж, жагслаа. Боловсрол эзэмшихийн тулд оюутнууд нэг л зүйлийн төлөө тууштай чармайх ёстой. Тэр нь хичээлээ сайн хийх, чадварлаг мэргэжилтэн болох. Гэтэл өдгөө эрх мэдэлтнүүдийн зөрчсөн гэрээ, гарын салаагаараа урсгаж олгосон зохицуулалтгүй зээлийн бодлого, дээдсийн хүүхдүүдийг эрхлүүлж, зээлээ буцааж төлөөгүй бусдын тансаглалын харгайг үүрч сурч боловсрох цагаа намрын сүүл сарын жихүүнд бээрч зогсон өнгөрөөж байна.
Чухамдаа МУБИС-ийн оюутнууд Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн бүх шалгуурыг хангаж тэтгэлэгт тэнцсэн ч санхүүжилт нь орж ирээгүй бөгөөд төлбөрөө төлөхгүй аваас хичээлд суулгахгүй байх нөхцөл үүсжээ. Тус сангаас оюутнуудтай анхлан гэрээ хийхдээ дөрвөн жилийн турш төлбөрийг нь даахаар үзэглэсэн ч заалтаа биелүүлээгүйгээс гадна өнгөрсөн хаврын төлбөрийг ч давхар төлөхийг шаардсан аж.
Ерөөс боловсрол эзэмших нь хэн нэгэн эрхтэн дархтаны бизнес болчихсон нь манайд илт. Тэд үр хүүхэд, ирээдүй гэх боловч нидэр дээрээ ашиг л харна. Ямар сайндаа амласан тэтгэлэгийн мөнгөө санхүүжилт зогссон хэмээж, сурч боловсрохын төлөө зүтгэж байгаа хүүхдүүдэд олголгүйгээр үл барам урьд үзсэн кредитийн төлбөрийг нэхэж, давхар өр төлбөрт унагаж байхав дээ. Ингээд ихэнх залуус хичээлд суухынхаа хажуугаар сургалтын төлбөрөө хаанаас шийдэх вэ гэдгээ бодож, санхүүжилт хэзээ орж ирэхийг хүлээж сууна. Ихэнх оюутнууд хичээлийнхээ хажуугаар давхар ажил хийдэг. Тэдний ихэнх нь улс гэрээгээ зөрчсөнөөс болж өрөнд орчихсон, тэтгэлэг нь зогссон тухай аав, ээждээ хэлээгүй, дуулгахаас бэргэж буй тухайгаа ч учирлаж байв. Жагсаж буй оюутнууд “Тэтгэлэгт тэнцсэн, төлбөрт унасан”, “Бид өртэй биш тэтгэлэгтэй”, “Тэтгэлэг зарласан бол санхүүжүүл” хэмээн дуу хоолойгоо хүргэж байгаа.
Энд хамгийн анхаарал татах зүйл нь оюутнууд тэтгэлэг хүсээд зогсож байгаа биш, тэтгэлэгт хамрагдсаныхаа дараа санхүүжилтээ хүлээж байгаа явдал. Өөрөөр хэлбэл оюутан өөрийн хийх ёстойг хийж, журмын шаардлагыг ханган, тэтгэлэгт хамрагдсан ч төрийн санхүүжилтийн дараагийн шатанд тодорхойгүй байдал үүсжээ. Харин Боловсролын зээлийн сангаас “2026 оны эхний хагаст нийт 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон боловч сангийн санхүүжилтийн эх үүсвэр тулгамдаж байгааг мэдээлсэн. Мөн 2025 оны төсөв батлагдахдаа квот бага байхаар төлөвлөгдсөн тул энэ онд квотод багтсан суралцагчдад санхүүжилтийг бүрэн олгосон” гэж тайлбарласан байна. Харин квотод багтаагүй ч журмын шаардлага хангасан 6 800 гаруй суралцагчийн асуудал энд хөндөгдөнө.
Боловсролын зээлийн сангийн мэдээлснээр эдгээрээс 2 700 суралцагчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол 4 100 суралцагч өөрсдөө зардлаа хариуцах нөхцөл үүсжээ. Мөн 2026 оны хавар сургуулиа төгссөн, журмын шаардлага хангасан 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлсэн. Орон нутгийн их, дээд сургуульд суралцдаг 1 692 суралцагчид шаардлагатай 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг мөн шийдвэрлэхээр ажиллаж байгаа аж. Эдгээр тоо нь асуудал хэдхэн оюутны сургалтын төлбөрийн тухай бус, олон мянган суралцагчийн боловсролын санхүүжилтийн тогтвортой байдлын талаар хөндөгдөж байгааг харуулна.




Оюутны хувьд сургалтын төлбөр гэдэг жилийн эцэст гарч ирдэг тоо бус, сар бүрийн амьдралтай нь холбогддог бодит зардал. Нэгэнт тэтгэлэгт хамрагдсан гэж тооцоод гэр бүл нь санхүүгийн төлөвлөгөөгөө гаргасан байтал гэнэт төлбөрөө өөрөө хариуцах нөхцөл үүсвэл тэр зөрүүг хэн нөхөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Суралцагч өөрөө төлөхийн тулд ажиллах, гэр бүлээсээ дахин мөнгө авах, эсвэл зээлд хамрагдах шаардлагатай үүснэ. Угтаа бол эрсдэл. Гэвч манайд ийм шаардлага үүсэж байгаа. Ингэснээр боловсролын дэмжлэгийн зорилго нь санхүүгийн дарамтыг бууруулах байтал санхүүжилтийн тодорхойгүй байдал өөрөө дарамт болж хувирчээ. Ялангуяа орлого багатай өрхийн хувьд сургалтын төлбөрийг богино хугацаанд нөхөх боломж нь бусад өрхтэй адил байдаггүй. Тиймээс тэтгэлэгт тэнцсэн эсэхээс гадна тэтгэлгийн санхүүжилт бодитоор хэзээ хэрэгжих вэ гэдэг нь оюутны суралцах боломжид шууд хамаарах асуудал гэдгийг анхаарах хэрэгтэй.
Үгүй аваас жагсаалын зохион байгуулагчдын хэлж буйгаар тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын 70 хувь нь санхүүгийн гэнэтийн эрсдэлтэй нүүр тулгарчээ. Тэдэнд тайлбарласнаар Боловсролын зээлийн сангаас орж ирэх ёстой 5.2 тэрбум төгрөг олгогдоогүй аж. Үлдэгдэл орж ирэхгүй байгаа тул оюутнууд мэргэжил эзэмшихийн тулд гэрээн заасан үүргээ биелүүлээгүйн горыг хүртэж, төлбөрөө төлөх болов. Ер нь байсхийгээд л өчнөөн олон тооны дүнтэй асуудал үүсгэдэг БЗС гэж ямар газар вэ?
Өөрсдийнх нь тайлбарласнаар 2025 оны төсөв батлагдахдаа квотыг бага байхаар төлөвлөсөн бөгөөд энэ онд санхүүжилтийг квотын дагуу олгосон гэж тайлбарлаад байгаа. Тэгвэл дараагийн асуулт нь төсөв, квот, журмын шаардлага гурав яагаад хоорондоо нийцэхгүй нөхцөл үүссэн бэ? Журмын шалгуурыг хангасан суралцагч байгаа бол тухайн суралцагчийн санхүүжилтийг ямар эх үүсвэрээр, ямар хугацаанд шийдэх нь урьдчилан тодорхой байх шаардлагатай юм биш үү.
Боловсролын салбарын дэмжлэгийг зөвхөн тухайн жилд хэдэн төгрөг олгосноор хэмжихэд хангалтгүй. Учир нь оюутан тэтгэлэгт хамрагдах эсэхээ мэдэхээс гадна сургалтын төлбөрөө хэдийд төлөх, гэр бүл нь хэдийг гаргах, үлдсэн хугацаанд ямар зардал хүлээж байгаа зэргээ тооцож амьдралаа зохицуулдаг. Тиймээс төрийн санхүүжилт хугацаандаа ирэх эсэх нь өөрөө боловсролын бодлогын нэг хэсэг. Өнөөдөр санхүүжилт шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа оюутан маргааш сургуулийнхаа төлбөрийг төлөх эрсдэлтэй тулгарч буй цаг хугацааны зөрүүг бодит амьдрал дээр хэн ч нөхөхгүй. Тэтгэлэгт тэнцсэн ч төлбөрийн асуудалд ордог нөхцөл цаашид үүссэн хэвээр байвал суралцагч “Би тэтгэлэгтэй юу, эсвэл өөрөө төлөх үү” гэдэг хамгийн энгийн асуултад хариулт хайхаас өөр аргагүй болно. Боловсролын санхүүжилтийн тогтолцоо ийм эргэлзээнд хэнийг ч хүлэх ёсгүйг нь ойлгомжтой биш үү, уг нь... Төрөөс боловсролд дэмжлэг үзүүлж байгаа бол тус дэмжлэг нь зөвхөн мэдээлэл, эсвээс улс төрчдийн батламж гардуулж, хамт зураг авхуулдаг жишиг дээр бус бодитоор хэрэгжих учиртай сан.