
Индонезийн Засгийн газрын хэрэгжүүлж буй үнэгүй хоол олгох хөтөлбөртэй холбоотой хүнсний хордлогын тусдаа хэд хэдэн тохиолдлоор 800 орчим хүн өвчилсөн талаар эрүүл мэндийн асуудлыг хариуцсан парламентын комиссын гишүүн мэдэгджээ. Үүний дотор энэ долоо хоногт Зүүн Ява мужийн 500 гаруй сурагч хордсон тохиолдол ч багтжээ.
Ерөнхийлөгч Прабово Субианто өнгөрсөн онд олон тэрбум ам.долларын өртөгтэй уг хөтөлбөрийг эхлүүлж, хэдэн арван сая хүүхдэд үнэ төлбөргүй хоол олгох замаар хоол тэжээлийн дутагдлыг арилгах зорилт тавьсан. Гэвч хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш олноор хүнсний хордлогод орох явдал, авлигын талаарх хардлага, удирдлагын өөрчлөлт болон асар өндөр зардал зэрэг олон маргаан дагуулсаар байна.
Зүүн Явагийн Сидоаржо бүс нутагт хордсон 512 сурагчаас гадна тус мужийн Нганжук хотод 49 хүн, Баруун Суматрагийн Агам бүс нутагт 237 хүн хүнсний хордлогод өртсөн гэж эрх баригч эвслийн гадна үлдсэн цорын ганц улс төрийн намын гишүүн, парламентын гишүүн Чарльз Хонорис лхагва гарагт Инстаграм хуудсандаа мэдэгджээ.
Чарльз Хонорис энэхүү мэдээллээ орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэлд үндэслэн гаргасан бөгөөд эдгээр нь тусгаарлагдсан, цөөн тохиолдол биш гэж онцлоод “Энэ бол системийн алдаа” гэжээ.
13 тэрбум ам.долларын хөтөлбөрийг хариуцдаг Үндэсний хоол тэжээлийн агентлаг парламентын гишүүний нийтлэлтэй холбоотой тайлбар өгөх хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна. Тус агентлаг Сидоаржод болсон хордлогын хэрэгтэй холбоотой хоол үйлдвэрлэлийн гал тогооны үйл ажиллагааг лхагва гарагт зогсоожээ.
Үнэгүй хоолны хөтөлбөртэй холбоотойгоор олон хүн нэгэн зэрэг хүнсний хордлогод орсон хэд хэдэн тохиолдол өмнө нь бүртгэгдсэн байна. Засгийн газрын бус хяналтын байгууллага болох Network for Education Watch-ийн мэдээлснээр наймдугаар сарын 8-ны байдлаар 37 600 хүн ийм хордлогод өртсөн гэж мэдээлжээ.
Эрх баригчдын мэдээлснээр хүнсний бүтээгдэхүүнийг зохих нөхцөлд хадгалаагүй байх, болгосон хоолыг оройтож хүргэх зэрэг нь хүнсний хордлогын гол шалтгаан болдог байна.
Долоодугаар сард Saiful Mujani Research and Consulting судалгааны байгууллагаас явуулсан санал асуулгаар иргэдийн ердөө гуравны нэг нь уг хөтөлбөрт сэтгэл хангалуун байжээ. Судалгаанд оролцогчдын сэтгэл ханамж бага байхад үнэгүй хоолны хөтөлбөртэй холбоотой хүнсний хордлогын тохиолдлууд гол шалтгаануудын нэг болсон аж.