
Хаврын улирал эхэлж, гол мөрөн, нуурын мөс хэврэгшин аюултай нөхцөл үүсээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Онгоцон толгой” орчимд “УАЗ-396252” загварын ачааны автомашин хоёр зорчигчтойгоор Идэр голын мөсөнд суусан тухай дуудлага онцгой байдлын газарт энэ сарын 30-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид машиныг татан гаргаж, аюулгүй байдлыг хангажээ. Мөн Завхан аймгийн Отгон сумын Хужирт багийн Буянт голд суудлын автомашин усанд суусан дуудлагын дагуу аврагчид ажиллаж, “УАЗ” загварын автомашиныг голоос татан гаргасан байна.
Он гарсаар дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, усанд суусан 6 тохиолдол бүртгэгджээ.
Ойрын өдрүүдэд мөсний зузаан улам нимгэрч, хэврэгших тул зам товчлох, цаг хэмнэх зорилгоор мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.