
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын гарын үсэг удахгүй долларын дэвсгэрт дээр байрлах болсон тухай АНУ-ын Сангийн яам мэдэгдлээ.
Энэ нь албан тушаал хашиж буй ерөнхийлөгчийн гарын үсэг анх удаа мөнгөн дэвсгэрт дээр байршсан тохиолдол болох аж. Сангийн сайд Скотт Бэссэт энэхүү шийдвэрийг АНУ байгуулагдсаны 250 жилийн ойтой холбон тайлбарласан байна. Тэрбээр “Манай улсын түүхэн амжилтыг тэмдэглэх хамгийн хүчтэй арга бол долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн нэрийг байршуулах явдал” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
Үүнээс гадна Трампын дүр төрхийг 250 жилийн ойд зориулсан бусад дурсгалын бүтээгдэхүүнүүдэд ашиглахаар төлөвлөж байна. Тухайлбал, түүнийг дүрсэлсэн алтан зоос болон 1 долларын зоос гаргах санал хэлэлцэгдэж байгаа аж.
Гэвч эдгээр төлөвлөгөө нь хууль эрх зүйн маргаан дагуулж байна. АНУ-ын хуулиар амьд байгаа эсвэл албан тушаал хашиж буй ерөнхийлөгчийн хөргийг мөнгөн дэвсгэрт, зоос дээр байршуулахыг хориглодог бөгөөд ерөнхийлөгч нас барснаас хойш дор хаяж хоёр жилийн дараа ийм боломж бүрддэг. Харин дурсгалын зориулалттай зарим зоосонд ийм хориг үйлчлэхгүй байх тал бий гэнэ.
Конгресс дахь Ардчилсан намын гишүүд амьд болон албан тушаал хашиж буй ерөнхийлөгчийг ямар ч төрлийн мөнгөн тэмдэгт дээр дүрслэхийг хориглох хуулийн төсөл санаачлаад байна.
Сүүлийн үед Трампын засаг захиргаа түүний нэр, дүр төрхийг төрийн байгууллагууд болон хөтөлбөрүүдэд өргөн ашиглах болсон. Үүнд эмийн мэдээллийн “TrumpRx” платформ, АНУ-д амьдрах эрх олгох “Trump Gold Card” хөтөлбөр зэрэг багтаж байна. Мөн түүний нэр зарим төрийн байгууллагын барилга, тэмдэглэгээнд ашиглагдаж, урлаг соёлын салбарт ч маргаан дагуулсаар байна.