
Америкийн поп дуучин Майли Сайрус уран бүтээлийнхээ шинэ үеийг “Bass Persuades” хэмээх арав дахь студийн цомгоор эхлүүлэхээр болжээ. Тус цомог энэ сарын 18-нд "Atlantic Records"-оор дамжин худалдаанд гарах бөгөөд өнгөрсөн жил гаргасан “Something Beautiful” цомгоос хойш жил гаруйн дараа үзэгч, сонсогчдод хүрч байна.
Цомгийн нэрийг тайлбарлахдаа дуучин "Хөгжим хүнийг эзэмдэж, дуулуулж, бүжиглүүлж, амьдралын баяр баясгалан, шархалсан сэтгэл, эмзэглэл бүхнийг илэрхийлэх хүчтэй" гэж тодорхойлсон байна. Цомгийн нүүрэн дэх Майлигийн хар цагаан хөргийг Мерт Алас авсан бөгөөд амандаа цагаан сарнай зуусан дүрслэлээр шинэ уран бүтээлийнхээ өнгө аясыг илэрхийлжээ.
Шинэ цомгийнхоо өмнө дуучин олон нийтэд танигдсан “Cyrus” овгийг уран бүтээлийн нэрээсээ авч, зөвхөн “Miley” нэрээр бүтээлээ гаргаж эхэлсэн нь эхамгийн их анхаарал татсан өөрчлөлт болов. Тэрээр цахим хуудсуудаа шинэчилж, “Miley” гэсэн нэрээр танилцуулсан бөгөөд дараагийн өдөр нь шинэ цомгоо зарласан юм. Ийнхүү тэрээр Шер, Мадонна, Бейонсе зэрэг зөвхөн нэг нэрээрээ танигдсан поп оддын жишигтэй адил өөрийн нэрийг бие даасан брэнд болгон тодотгож байна. Гэхдээ Майли албан ёсоор овгоо сольсон тухай мэдэгдээгүй бөгөөд энэ нь одоогоор уран бүтээлийн ребрэндинг аж. Түүний эцэг Билли Рэй Сайрус ч охиныхоо шийдвэрийг дэмжиж, өөрийн карьерын эхэн үед зөвхөн “Cyrus” нэрийг ашигладаг байснаа дурджээ.
“Bass Persuades” цомог нийт 10 дууны үндсэн жагсаалттай бөгөөд нэр дуунаас гадна “Different Religion” дууг Model/Actriz хамтлагтай, “Neon Signs” дууг Эндрю Уайаттай хамтран бүтээжээ.