
2022 онд Хятадын уулын хажууд унаж, онгоцонд байсан 132 хүн бүгд амиа алдсан Boeing 737 онгоцны ослын шалтгаан нь нислэгийн үеэр түлшний хангамжийг тасалсантай холбоотой байж болзошгүй гэж АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл (NTSB)-ийн шинээр ил болсон мэдээлэлд дурджээ.
NTSB-ийн дүгнэлтэд дурдсанаар China Eastern компанийн нислэгийн хоёр хөдөлгүүрийн түлшний унтраалгууд онгоц 8839 метрийн өндөрт тогтвортой нисэж байх үед “cut-off” буюу таслах байрлалд шилжсэн байна. Энэ нь ослыг санаатай үйлдэл байсан байж болзошгүй гэсэн таамгийг бататгах баримт болж байгаа аж.
Энэхүү осол нь сүүлийн хэдэн арван жилд Хятадад болсон хамгийн олон хүний аминд хүрсэн агаарын осол боловч шалтгаан нь удаан хугацаанд тодорхойгүй хэвээр байсан юм.
Хятад улс үндэсний аюулгүй байдлын шалтгаанаар уг ослын эцсийн тайланг одоогоор гаргаагүй байна.
NTSB-ийн тайлан (Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дагуу ил болсон)-д MU5735 нислэгийн хөдөлгүүрийн эргэлтийн хурд “түлшний унтраалгууд шилжсэний дараа буурсан” гэж дурджээ. Түлшний унтраалгууд нь онгоцны хөдөлгүүрт түлшний урсгалыг зохицуулдаг бөгөөд нисгэгчид хөдөлгүүрийг асаах, унтраахад ашигладаг хяналтын систем юм.
Шинээр ил болсон мэдээлэл нь онгоцны “хар хайрцаг”-ийн нэгээс авсан бөгөөд энэ нь нислэгийн бүх ажиллагааны мэдээллийг бүртгэдэг төхөөрөмж юм. Хар хайрцгийг ослын газраас олж, Вашингтон хот дахь NTSB-ийн лабораторид шинжилжээ.
2022 оны гуравдугаар сард уг онгоц Юньнань мужийн нийслэл Куньмин хотоос хөөрч, Гуанжоу хотод буухаар төлөвлөж байсан.
Онгоц нэг цаг гаруй ниссэний дараа зорьсон газартаа ойртож байх үедээ өндрөөс огцом унасан байна. Нислэгийн хяналтын мэдээллээр гурван минут хүрэхгүй хугацаанд хэдэн мянган метр доош унажээ.
FlightRadar24 сайтын мэдээлснээр онгоц 29,100 футийн өндөрт нисэж байсан бол хоёр минут 15 секундын дараа 9075 фут болж буурсан байна. Сүүлчийн мэдээлэлд онгоц орон нутгийн цагаар 14:22-д 3225 фут өндөрт байсан гэж бүртгэгдсэн байна.
Осол Хятадад болсон бөгөөд Хятадын агаарын тээврийн компанитай холбоотой тул мөрдөн шалгалтыг Хятадын Иргэний нисэхийн захиргаа (CAA) удирдсан. Харин Boeing 737 онгоц АНУ-д зохион бүтээгдэж, үйлдвэрлэгдсэн тул NTSB-ээс ахлах шинжээч оролцсон байна.
Мөрдөгчид санаатай үйлдэл, нисгэгчийн алдаа, техникийн гэмтэл (бүтцийн эвдрэл, агаарт мөргөлдөх гэх мэт) зэрэг олон боломжит шалтгааныг судалж байсан.
Ослын дараахан CAA-ийн нисэхийн аюулгүй байдлын газрын дарга Жу Тао “ослын шалтгааны талаар тодорхой үнэлгээ байхгүй” гэж мэдэгдэж байв. Мөн нислэгийн удирдлагын төв онгоц огцом уруудаж байх үед олон удаа холбоо барихыг оролдсон ч хариу аваагүй гэж мэдээлжээ.
Гэсэн ч CAA багийн гишүүд хүчинтэй лицензтэй, хангалттай амарсан, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн байсан гэж мэдэгдсэн.
Өмнө нь зарим хэвлэлүүд осол хэн нэгний санаатай үйлдэл байсан байж болзошгүй гэж таамаглаж байсан ч энэ нь албан ёсоор батлагдаагүй хэвээр байна.
CAA мөн нисгэгчийн амиа хорлолт байсан гэх таамгийг няцааж, “ийм цуурхал нь олон нийтийг төөрөгдүүлж, мөрдөн шалгалтад саад учруулж байна” гэж 2022 оны дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан.
Хятад улс эцсийн тайланг гаргаагүй нь шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд CAA “энэ мэдээллийг ил болговол үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй” гэж анхааруулжээ.
Хятадад нисэхийн осол харьцангуй ховор бөгөөд сүүлийн жилүүдэд агаарын тээврийн аюулгүй байдал ихээхэн сайжирсан байна.