
BLACKPINK хамтлагийн дебютээ хийсний 10 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцууллаа. Гэхдээ энэ мэдээ баяр хөөрөөс илүүтэй шүтэн бишрэгчдийн бухимдлыг төрүүлээд байна. Гол шалтгаан нь арга хэмжээнд ердөө 40 хүн оролцох боломжтой, мөн оролцогчдод тавигдсан шаардлага хэт хязгаарлагдмал гэж олон хүн үзэж буйтай холбоотой.
YG Entertainment шүтэн бишрэгчдийн Weverse платформоор дамжуулан BLACKPINK-ийг 10 жилийн турш дэмжсэн фенүүддээ зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулах болсноо зарласан. Арга хэмжээ бямба гарагт буюу хамтлагийн албан ёсны дебютын ойн өдөр болох аж.
Гэвч мэдэгдэлд тодорхой мэдээлэл бараг байгаагүй, арга хэмжээ болох цаг, байршлыг ч нийтэд зарлаагүй байна. Зөвхөн сонгогдсон оролцогчдод л байршлыг мэдэгдэх бөгөөд нийт 40 шүтэн бишрэгч оролцох эрхтэй аж.
Фенүүдийн бухимдал
Арга хэмжээний цар хүрээ хэт жижиг байгааг олон фен цахим орчинд шүүмжилжээ. Фенүүдийн онцолсноор, BLACKPINK-ийн гишүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Weverse дээр бараг идэвхгүй байсан. Учир нь 2024 оноос хойш Weverse Live шууд дамжуулалт огт хийгээгүй гэнэ.
Арга хэмжээнд оролцохын тулд фенүүд долдугаар сарын 31-нээс өмнө Weverse Membership худалдан авсан байх шаардлагатай байсан аж. Үүнтэй холбоотойгоор олон фен хайртай хамтлаг нь Weverse-д идэвхгүй байсан учраас гишүүнчлэлээ сунгаагүй, дэлхийн аялан тоглолтын тасалбарын урьдчилсан худалдааны үеэр гишүүнчлэлийн бүртгэлийг нээлттэй байлгаж байсан атлаа энэ удаа яагаад ижил бодлого баримтлаагүйг шүүмжилжээ.
Бүх гишүүд ирэх эсэх нь тодорхойгүй
Мөн мэдэгдэлд BLACKPINK-ийн дөрвөн гишүүн бүгд оролцох эсэх нь тус бүрийн ажлын хуваариас шалтгаална гэж дурдсан нь шүтэн бишрэгчдийн урмыг хугалсан байна.
Зарим фен "10 жилийн ой шиг онцгой арга хэмжээнд бүх гишүүн оролцохгүй байж магадгүй гэх нь энэ ойн ач холбогдлыг бууруулж байна" хэмээн үзжээ.
Хэдийгээр 2023 онд бүх гишүүн YG Entertainment-тай хамтлагийн гэрээгээ сунгасан ч фенүүдийн хэлснээр цомгийн сурталчилгаа болон дэлхийн аялан тоглолтоос бусад үед дөрвөн гишүүнийг хамтад нь харах боломж тун ховор болсон байна.
2024 онд буюу хамтлагийн 8 жилийн ойгоор BLACKPINK хамтарсан шууд дамжуулалт хийж, "BLACKPINK WORLD TOUR 'BORN PINK' IN CINEMAS" тоглолтын киноны нээлтийн өмнө улаан хивсний арга хэмжээ зохион байгуулсан нь сүүлийн жилүүдийн цөөн хамтарсан ойн арга хэмжээний нэг байжээ.
Харин өнгөрсөн жил болсон 9 жилийн ойд томоохон арга хэмжээ огт зохион байгуулаагүй байна.
Фенүүд мөн BLACKPINK 2019 онд болсон анхны фен уулзалтаасаа хойш дахин албан ёсны фан уулзалт зохион байгуулаагүй болохыг онцолжээ. Энэ нь TWICE болон Red Velvet зэрэг удаан хугацаанд уран бүтээл туурвиж буй бусад K-pop охидын хамтлагуудтай харьцуулахад ялгаатай гэж үзэж байна.
10 жилийн ойгоос ердөө хоёр хоногийн өмнө энэхүү мэдэгдлийг хийсэн нь ч фенүүдийн сэтгэл дундуур байдлыг улам нэмэгдүүлжээ.
Одоо шүтэн бишрэгчид BLACKPINK эсвэл YG Entertainment бямба гарагт дэлхий даяарх фенүүддээ зориулсан нэмэлт контент, арга хэмжээ зарлах эсэхийг хүлээж байна.