Калифорнийн шүүх Google болон Meta компаниудыг донтолтын хэргээр шүүх өгсөн нэхэмжлэгчид 3 сая долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж үзэв. Шүүхийн зүгээс эдгээр компаниуд платформынхаа донтуулагч дизайныг хууль ёсны дагуу хариуцах ёстой гэж буруутгажээ.
Лос Анжелес хотод төвтэй шүүх бүрэлдэхүүн есөн өдрийн турш 40 гаруй цаг хэлэлцсэний эцэст лхагва гарагт шийдвэрээ танилцууллаа. Шүүхэд мэдүүлэг өгсөн хүмүүсийн дунд Meta-ийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Инстаграмын тэргүүн Адам Моссери нар байсан ч YouTube-ийн гүйцэтгэх захирал Нил Моханыг дуудаагүй байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргасан KGM буюу Kейли бага наснаасаа нийгмийн сүлжээнд донтсоноор сэтгэцийн эрүүл мэндэд нь нөлөөлсөн гэж үздэг. Өдгөө 20 настай Кейли зургаан настайдаа YouTube, есөн наснаас инстаграм ашиглаж эхэлжээ. Түүний өмгөөлөгчид нийгмийн сүлжээний аварга компаниуд залуу хэрэглэгчдийг татах зорилготой мэдэгдэл болон автомат тоглуулах функцуудыг ашигласан гэж буруутгадаг юм.
Мета болон Google компаниуд уг шийдвэртэй санал нийлэхгүй тул давж заалдахаа мэдэгдэв. Мета компанийн зүгээс "Өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэнд бол маш нарийн төвөгтэй бөгөөд ганц аппликейшнтай холбож болохгүй" хэмээсэн бол Google-ийн хэвлэлийн төлөөлөгч "YouTube нийгмийн сүлжээний сайт биш, харин хариуцлагатайгаар бүтээгдсэн стриминг платформ" гэжээ.
Шүүгчид Мета болон Google компаниуд эдгээр платформуудаа ажиллуулахдаа "хорлон сүйтгэх, дарамтлах эсвэл луйвар хийх" зорилгоор ашигласан гэж үзсэн тул Кейлид 3 сая долларын нөхөн төлбөр, нэмэлт 3 сая долларын торгууль төлөх ёстой гэж үзсэн.
Кейлигийн нөхөн төлбөрийн 70%-ийг Мета, үлдсэн 30%-ийг Google хариуцах төлөвтэй байна.