
Ираны албаныхан АНУ-ын завсрын сонгуульд Бүгд найрамдах нам ялагдал хүлээснийг нааштайгаар хүлээн авч байгаа ч дээд удирдагч нь АНУ-ын бодлого өөрчлөгдөхгүй гэдгийг анхаарууллаа.
Ираны Дээд удирдагч Можтаба Хаменеи АНУ-ын Иранд хандах бодлого өөрчлөгдөнө гэж найдаж байгаа хэн бүхэн “эндүүрч байна” хэмээн мэдэгдэв. Түүний мэдэгдэл АНУ-ын завсрын сонгуулиар Ерөнхийлөгч Дональд Трампын нам томоохон ялагдал хүлээснээс хэдхэн цагийн дараа гарчээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ “Ноёрхогч тогтолцооны хандлага нам, фракцын өөрчлөлтөөр өөрчлөгдөнө гэсэн өчүүхэн ч гэсэн найдвар тээж байгаа, эсвэл АНУ-д буулт хийснээр Ираны ард түмэнд хандах дайсагнасан бодлогыг нь зогсоож чадна гэж төсөөлж байгаа хүмүүс ноцтой эндүүрч байна” гэжээ.
Ираны төрийн тэргүүн Можтаба Хаменеи хоёрдугаар сард АНУ, Израилийн хамтарсан халдлагаар алагдсан эцэг, өмнөх Дээд удирдагч Али Хаменеигийн дараа олон нийтийн өмнө одоогоор нэг ч удаа гарч ирээгүй байгаа юм.
Тэрбээр Ормузын хоолойд Иран хяналтаа тогтоосноор “Америкийн ялагдашгүй байдлын домог”-ийг нураасан гэж мэдэгдээд, АНУ дахин халдлага үйлдвэл Ираны хариу арга хэмжээ өмнөхөөс хавьгүй өргөн хүрээг хамарна хэмээн анхааруулжээ.
Хаменеигийн мэдэгдэл 1979 онд Техран дахь АНУ-ын Элчин сайдын яамыг эзлэн авсны жилийн ойгоор гарсан байна. Иран улс уг өдрийг жил бүр “Дэлхийн ихэмсэг байдлын эсрэг тэмцэх үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.
Тэрбээр “Хэрэв түрэмгийлэл дахин давтагдвал хариу арга хэмжээ илүү өргөн хүрээтэй болно” хэмээн мэдэгдэж, АНУ Иранд дахин халдлага үйлдвэл мөргөлдөөн улам өргөжиж болзошгүйг анхааруулжээ.
Трамп өөрөө хоёрдугаар сард эхэлсэн АНУ, Израилийн Ираны эсрэг дайны улмаас Бүгд найрамдах нам завсрын сонгуульд тааруу үзүүлэлттэй оролцсон байж болзошгүйг хүлээн зөвшөөрсөн ч сонгогчид цэргийн ажиллагаанд бус, шатахууны үнийн өсөлтөд бухимдсан гэдгийг тайлбарласан байна.
Тэрбээр мягмар гарагт Fox News телевизэд ярилцлага өгөхдөө “Дайн нөлөөлсөн гэж би бодохгүй байна. Харин шатахууны үнэ нөлөөлсөн гэж бодож байна” гэжээ.
Мөн “Хүмүүс миний Ираны асуудлаар хийж байгаа зүйлтэй санал нийлж байгаа. Гэхдээ шатахууны үнэ өсөх богино хугацааны үр дагаврыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагүй байх” хэмээн хэлсэн байна.
Трамп Иранд дахин томоохон цохилт өгөх боломжийг үгүйсгэсэнгүй. Тэрбээр мягмар гарагт Fox & Friends нэвтрүүлэгт оролцохдоо зарим хүн Иранд “хүчтэй цохилт” өгөхийг шаардаж байгааг дурджээ. “Олон хүн хүчтэй цохилт өгөхийг хүсэж байна. Харин олон хүн үүнийг хүсэхгүй байгаа” гэж тэрбээр хэлсэн байна.
Америкчууд дайныг эсэргүүцлээ
Ираны АНУ-тай хийх хэлэлцээний ахлах төлөөлөгч, парламентын дарга Мохаммад Багер Галибаф “Ухамсар нь ч бай, амьжиргааны өртөг нь ч бай, америкчууд дайныг эсэргүүцлээ гэж хэлсэн. Бид энэ мессежийг дэмжиж байна” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр X нийгмийн сүлжээнд “Хэрэв АНУ-ын засгийн газар олон улсын ивээн тэтгэгчид болон шантаажлагчдын эрх ашгийн төлөө ард түмнийхээ хүсэл зоригоос урвах юм бол бидний үгүй гэдэг хариулт хар дарсан зүүд дагуулах болно” гэж нэмж бичсэн байна.
Дээд удирдагчийн зөвлөх, туслах Мохаммад Мохбер Трампыг “өөрийн ард түмэндээ нүүрэн дундуураа алгадууллаа” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр X сүлжээнд “Энэ талбарт жинхэнэ ялалт байгуулсан тал бол дайны өртгийг АНУ-д шилжүүлж чадсан Иран юм” гэж бичсэн байна.
Цэвэр өшөө авалт
Гэвч Quincy Institute for Responsible Statecraft хүрээлэнгийн дэд ерөнхийлөгч Трита Парси Ардчилсан намын ялалт нь Трампыг ойрын хугацаанд дайныг улам хурцатгах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг анхааруулжээ.
Тэрбээр “Трамп доромжлол, ялагдалтай тулгарах үедээ улам болчимгүй үйлдэл хийдэг хэв маягтай гэдгээ харуулсан” гээд, сонгуулийн ялагдлынхаа хариуд цэвэр өшөө авалтын сэдлээр Иранд өгөх цохилтоо эрчимжүүлж болзошгүй гэж үзжээ.
Ардчилсан нам Конгрессын хяналтыг албан ёсоор гартаа авах ирэх нэгдүгээр сар хүртэлх хугацаа тогтворгүй байж болзошгүйг Парси анхааруулсан байна. Учир нь Ардчилсан намынхан шинэ олонхын эрх мэдлээ ашиглан дайны санхүүжилтийг хязгаарлах оролдлого хийж магадгүй юм.
АНУ завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг богино хугацаанд боловч өндөр эрчимтэй цэргийн ажиллагаа явуулж болзошгүйг анхааруулсан байна. Исламын хувьсгалт гвардын корпусын ерөнхий командлагчийн зөвлөх Хамидреза Могадамфар Персийн булангийн орнууд өөрийн нутаг дэвсгэрээсээ Иран руу цохилт өгөхийг Вашингтонд зөвшөөрвөл Иран зөвхөн АНУ-ын цэргийн баазуудаар хязгаарлагдахгүй байг онилно гэж мэдэгджээ.
Тэрбээр Бандар-Аббас хотод болсон жагсаалын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улс болон Бахрейныг нэрлээд, Иран шинэ номлол, шинэ технологиор хариу арга хэмжээ авна хэмээн мэдэгдсэн байна.
Харин Трамп АНУ цэргийн ажиллагаа явуулахад бэлэн байгаа ч хэлэлцээрээр асуудлыг шийдвэрлэх найдвар хэвээр байгаа тул дахин довтлох шаардлагагүй байж магадгүй гэж хэлжээ.