
Тайландын 20 далайчин Ормузын хоолойд халдлагад өртсөн ачааны хөлгөөс аврагдан, эх орондоо ирлээ. Харин тус багийн гурван гишүүн одоогоор сураггүй хэвээр байна.
Тайландын бүртгэлтэй “Маюрий Нарий” (Mayuree Naree) нэртэй ачаа тээвэрлэгч хөлөг онгоц өнгөрсөн Лхагва гарагт Ормузын хоолойгоор зорчиж явахдаа хоёр пуужингийн цохилтод өртсөн байна. Тус хөлөг Арабын Нэгдсэн Эмират Улсын боомтоос хөдөлсөн байжээ.
Ираны Хувьсгалт Гварди уг халдлагыг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, Тайландын хөлөг болон Либерийн далбаатай өөр нэг усан онгоцыг “анхааруулгыг үл тоомсорлосон” тул онилсон гэж мэдэгдсэн байна.
Аврагдсан далайчид Даваа гарагийн өглөө Тайландын олон улсын гол нисэх буудалд ирсэн бөгөөд төрийн албаныхан тэднийг шууд авч явсан тул хэвлэл мэдээлэлтэй уулзаагүй байжээ.

Далайчдын нэгний эхнэр өөрийгөө Басс хэмээн танилцуулж, нөхөртэйгөө хараахан уулзаж чадаагүй байгаагаа Франс Пресс агентлагт хэлсэн байна. “Бид бүгд айж байна. Гэхдээ тэд ажилчид. Хэрвээ далайд гарахаас татгалзвал цалингаа авч чадахгүй” гэж 32 настай тэр эмэгтэй ярьжээ.
Тэрээр нөхрийнхөө аяллын талаар тодорхой мэдээлэл аваагүй, хэзээ эх орондоо ирэхийг мэдэхгүй байгаагаа нэмж хэлсэн байна. Тэрээр халдлагын үеэр нөхөртэйгөө зөвхөн Фэйсбүүк Мессенжерээр холбогдож байжээ.

Хөлгийн эзэмшигч Прешиус Шиппинг компани багийн гишүүдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Тэд эмнэлгийн үзлэг, сэтгэлзүйн үнэлгээ зэрэг халамжийн үйлчилгээ үзүүлнэ гэжээ. Мөн компанийн “хамгийн чухал зорилт” нь одоогоор сураггүй байгаа гурван далайчныг олох явдал гэдгийг онцолсон байна. Өнгөрсөн долоо хоногт тус компани сураггүй болсон далайчид “гэмтсэн хөдөлгүүрийн өрөөнд гацсан байх магадлалтай” гэж мэдэгдэж байв.
Тайландын Гадаад хэргийн яам сураггүй байгаа далайчдыг олоход хоёр улсаас тусламж хүссэн гэж мэдэгджээ.
Ормузын хоолой нь дэлхийн нефтийн тээврийн хамгийн чухал замуудын нэг бөгөөд ийм халдлага нь бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой нөлөө үзүүлж байгааг шинжээчид анхааруулж байна.