
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 688 дахь дугаар уншигчдын гарт очлоо. Шинэ дугаараас онцлох сэдвийг танилцуулъя.
НЭГ. ҮНЭН БОДИТ ҮЗЭЛ САНАА
Иргэдийн, улс орны түүхээс тасалж үл болом агшин бүрийг гэрэл зургийн хуудаснаа аргамжиж үлдээсэн “Гамма” агентлагийн 30 жилийн ой тохиож байна. 30 жилийн тэртээ гэрэл зурагчин С.Цацралт, Л.Ганзориг, Ц.Батзориг нар “Гамма” агентлагийг үүсгэн байгуулсан нь баримтат гэрэл зургийн салбар дахь хувийн хэвшлийн анхдагч байв. Өдгөө харин тэдний бүтээсэн архив, гэрэл зургийн цомог, нийтэд толилуулсан үзэсгэлэн зэрэг нь Монголын нийгэм дэх гэрэл зургийн хүрээг тэлж, өвийг зузаатгав. Ийнхүү хүний амьдралын мартаж үл болох гашуун үнэнийг анзаарах, гэгээтэй агшныг зургийн хэлээр бичдэг институц болтлоо өргөжсөн юм.
Хүн бүр өөр өөрсдийн замаар аж төрөхүйг туулна. Зовлонгоо бүтээнэ, жаргалаа ч цогцлооно. Иргэн бүрийн туулсан амьдралын зам улс орны түүхийг бүтээдэг. Тэдний туулсан амьдрал бидний нийгмийн үүх түүхийн салшгүй хэсэг. Тэгвэл тус агентлагийн гучин жилийнхээ ойд зориулан эмхэтгэсэн “Гамма 30” гэрэл зургийн номоос бид үүнийг харж болно.
Хүн гэгч үнэнтэй цэгц шулуун нүүр тулахаас эмээдэг. Хэт хийсгэлэн төсөөлөл нь бодит байдлаас зугтахад хүргэдэг. Үнэнийг үүрэх эр зориг нийтэд үгүй. Харин “Гамма”-гийн гэрэл зурагчдад тийм чанар бий. Тэдний гучин жилийн түүх бол туйлын бодит үнэний түүх.
Нийтлэлч Б.Алтанхуягийн "Гэрлээр бичсэн 30 жил" нийтлэлээс
ХОЁР. ҮНИЙН ӨСӨЛТ БОЛ “ДАЛД ТАТВАР”
Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж нийт орлого 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 3.5 сая төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 191.3 мянган төгрөгөөр буюу 5.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэвч үнийн өсөлтийн нөлөөг тооцож үзвэл өрхийн бодит орлого эсрэгээрээ буурсан байна. Үндэсний статистикийн хорооны “Өрхийн орлого, зарлага” тайлангийн 2026 оны хоёрдугаар улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 2.75 сая төгрөг болжээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 137.9 мянган төгрөгөөр буюу 4.8 хувиар, өмнөх улирлаас 132.7 мянган төгрөгөөр буюу 4.6 хувиар тус, тус буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого мөнгөн дүнгээрээ нэмэгдсэн ч бараа, үйлчилгээний үнийн өсөлтийг гүйцэж чадаагүй байна. Энэ нь орлого өссөн мэт харагдавч бодит үнэ цэн нь багассаныг харуулж буй хэрэг юм.
Нийтлэлч О.Эрдэнэчимэгийн "Үнэ тэнгэрт, орлого инфляцын сүүдэрт" нийтлэлээс
ГУРАВ. ЭМЭГТЭЙЧҮҮД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЭРХТЭЙ МӨН ХЭРЭГТЭЙ
Ажиллах хүчнээс гадуур буюу ажил эрхлэхгүй байгаа иргэдийн 67500 гаруй нь гэр бүлийн гишүүнээ асрах шалтгаанаар хөдөлмөр эрхэлж чадахгүй байгааг судалгаанд дурджээ. Эдгээр иргэдийн дийлэнхийг эмэгтэйчүүд эзэлж буй. Энэ нь хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд тогтсон цалинтай, тодорхой ажил эрхлэхгүй байгаагийн хамгийн том шалтгаан юм. Хөдөлмөрийн зах зээлийн оролцоо хүйсийн хувьд тэнцвэртэй байх эсэх нь нэг өрхийн, нэг бүлийн аль эсвэл нэг хүйсийн асуудал биш. Учир нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн оролцоог эрэгтэйчүүдийн түвшинд хүргэхэд тухайн орны ДНБ нь 9-27 хувиар өсөх боломжтой гэсэн тооцоог Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаанд онцолжээ. Тэгэхээр эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлийн гадна хоцрох нь хувь хүн, айл өрхөд төдийгүй нийгэм, эдийн засагт ч сөрөг үр дагавартай юм.
Нийтлэлч О.Даваасүрэнгийн "Цалингийн болон цагийн ядуурал" нийтлэлээс
ДӨРӨВ. АМБИЦЫН ХУУЛИАС АВАХ ЗҮЙЛ ЮУ ВЭ
Парламентын нийт бүрэлдэхүүний 25.4 хувийг эдүгээ бүсгүйчүүд эзэлж буй. Тойргоос найм, жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-ын гишүүн болоод байна. Энэ бол хүйсийн тэгш эрхийг хангах талаар хуульд оруулсан дэвшилт өөрчлөлтийн үр дүн юм. Манай улс гурван жилийн өмнө Үндсэн хуульдаа сонгуулийн холимог тогтолцоо хэрэглэж, намын жагсаалтад хүйсийг 1:1 харьцаагаар сөөлжиж эрэмбэлэх, тойрогт нэр дэвшүүлэх хүмүүсийн 30-аас багагүй хувь нь эмэгтэй байхаар тусгасан. Гэхдээ ингээд л болчихгүй. 2015 онд баталсан НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-д улс төрийн шийдвэр гаргах түвшинд хүйсийн харьцааг 30 хувьд хүргэнэ гэж заасан, үүнд Монгол Улс нэгдсэн юм. Олон улсын өмнө хүлээсэн энэ үүргээ биелүүлэхэд бидэнд ердөө гурван жил гаруйн хугацаа л үлдээд байна. Нэр дэвшүүлэх квотыг шатлалтай буюу 2028 онд аль нэг хүйсийн хүн 40 хувиас багагүй байлгахаар тусгасан ч энэ нь хангалтгүй. Тэгвэл өөр ямар аргаар бид НҮБ-д өгсөн амлалтдаа хүрэх вэ.
Нийтлэлч С.Туулын "Төрийн санхүүжилтийг хүйсийн тэнцвэртэй холбох хувилбар" нийтлэлээс
ТАВ. ШҮҮХИЙГ ШҮҮХ НЬ
Парламент 2022 оны зургаадугаар сарын 3-нд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталсан. Ингэхдээ уг хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хүчингүй болгосон юм. Уг заалт нь хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай заалт байв. Хууль тогтоох дээд байгууллага УИХ хуульд өөрчлөлт оруулснаар энэхүү зохицуулалт хүчингүй болж давж заалдах болон хяналтын шатны шүүх хэрэг маргааныг прокурорт, эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах эрхгүй болсон юм. Тухайн хэргийг үнэн зөвөөр шийдсэн эсэхийг хянаж, шаардлагатай бол өмнөх шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах л эрхтэй болохоос хэргийг буцаах эрхгүй болсон гэсэн үг. Гэтэл давж заалдах болон хяналтын шатны шүүх дөрвөн жилийн өмнө хүчингүй болгосон хуулийн зохицуулалтыг одоо ч хэрэгжүүлж, хэрэг маргааныг прокурор болон анхан шатны шүүх рүү буцаасаар байна. Хэрэг маргааныг шүүх рүү буцаах зохицуулалт хүчингүй болсноос хойш давж заалдах болон хяналтын шатны шүүх нэг ч хэргийг прокурор, анхан шатны шүүх рүү буцаагаагүй байх ёстой. Гэвч сүүлийн хоёр жилд л гэхэд 1593 хэргийг буцаажээ. Улсын дээд шүүх 2024 онд 60, 2025 онд 49, давж заалдах шатны шүүх 2024 онд 705, 2025 онд 779 хэргийг прокурор болон анхан шатны шүүх рүү хуульгүйгээр буцаасан байна.
Нийтлэл С.Шийлэгтөмөрийн "Яллагч прокурор шиг шүүх" нийтлэлээс
ЗУРГАА. ИЛРҮҮЛЭХ НЬ ЗӨВХӨН ЭХЛЭЛ
Хөгжлийн хоцрогдол олон шалтгаантай. Удамшил, төрөлтийн хүндрэл, хоол тэжээл, өвчин эмгэг, асаргаа халамж гэхчлэн хөвөрнө. Эцэг, эхийн боловсролын түвшин, хүрээлэн буй орчин зэрэг ч тодорхой нөлөө үзүүлдэг байж болзошгүйг зарим судалгаанд өгүүлсэн байдаг. Дэлгэцийн хэрэглээ мэдээж тодорхой нөлөөтэй аж. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хөгжлийн хоцрогдолтой хүүхдийн тоо нэмэгдсэн мэт анзаарагдаж байгаа нь илрүүлэлт сайжирсантай ч холбоотой юм. Зарим хүүхдэд тулгамдаж байгаа уг бэрхшээлийг ойлгож, хүлээн зөвшөөрөхгүйгээр “Дэггүй, дүрсгүй, хүмүүжилгүй” зэрэг үгээр тодорхойлоод өнгөрдөг байсан үе ч алс биш. Тэгэхээр ямартай ч манай улс зарим багачууд бусдаасаа хөгжил, хүмүүжлээрээ хоцрогдоод байгааг анзаардаг, анхаардаг болж эхэлж байна. Гэхдээ илрүүлнэ гэдэг нь асуудлыг эцэслэж байгаа хэрэг биш. Эмчлэх, дэмжих нь хамгийн чухал. Харамсалтай нь, манайд одоогоор хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг хөгжүүлэх, дэмжихэд хүрэлцээтэй боловсон хүчин ч, боломжит орчин ч алга. Орон нутагт байдал бүр ч бэрх. Оношилгоо, сэргээн засах үйлчилгээ байхгүй аймаг, сумд олон бий. Түүнчлэн хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөртэй сургууль, цэцэрлэг ч ховор. Хөгжлийн онцлогтой, тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ мэргэжлийн ур чадвар, бие даан амьдрах дадал олгодог Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд хүртэл хэл засалчийн орон тоо хангалтгүй байгаа юм.
Нийтлэлч О.Даваагийн "Хөгжлийн хоцрогдол ба хоцрогдсон тогтолцоо" нийтлэлээс
ДОЛОО. БӨМБӨРЦГИЙН ДАЛД АЮУЛ
Антибиотикийн олон жорыг таамаглалд үндэслэн бичдэг. Учир нь халдвар нянгаар уу, эсвэл вирусээр үүссэн эсэхийг шуурхай тодорхойлох шинжилгээ хэдэн зуун ам.долларын үнэтэй бөгөөд даатгалын байгууллагууд тэрхүү зардлыг нөхөн төлдөггүй. Тиймээс эмч нар таван ам.долларын эм шаардлагатай эсэхийг тогтоохын тулд хэдэн зуун ам.долларын шинжилгээ хийлгэ гэх шийдвэрийг гаргахаас татгалздаг. Үүний улмаас эмч нар боломжтой мэдээлэлдээ тулгуурлан эмчилгээний шийдвэр гаргахаас өөр аргагүй болдог. Харин үр дүнд нь зөвхөн АНУ-д амбулаторийн нөхцөлд бичиж буй антибиотикийн жорын бараг гуравны нэг нь шаардлагагүй бичигдсэн байдаг аж. Гэхдээ энэ шийдвэр эмч нараас илүүтэй нийгэм, эдийн засаг хийгээд улс төрийн шийдлээс үүдэлтэй.
Антибиотикт тэсвэртэй нянгийн тархалт зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал, эмийн нийлүүлэлтийн бие даасан байдалтай шууд холбоотой стратегийн эрсдэл болжээ.
Нийтлэлч Л.Эрдэнэжаргалын "Антибиотикт тэсвэртэй бактериудын эрин" нийтлэлээс
НАЙМ. ТҮҮХЭН СУРГАМЖ
Хэрэв гурван талт уулзалт болбол дэлхийн улс төрийн халуун цэг Украины ирээдүйг Киевийн оролцоогүйгээр шийдэх нөхцөл үүснэ. Европын холбоотнууд ч хэлэлцээний ширээний гадна үлдэх эрсдэлтэй. Трамп аравдугаар сарын 19-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Украины асуудлаас илүүтэй цөмийн зэвсэг хураах сэдвээр гурвалсан уулзалт хийх боломжтойг дурдсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн хариулт Кремлийн санаачилгад Вашингтоны байр суурь ямар байгааг бүрэн тодорхойлоогүй ч том гүрнүүдийн шууд хэлэлцээний боломжийг үгүйсгээгүй юм.
Америк, Орос, Хятадын удирдагчдыг хэлэлцээний ширээний ард суулгах санаачилгыг олон улсын хэвлэлүүд 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэж буй. 81 жилийн өмнөх энэхүү уулзалтаар ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нар нацист Германыг ялсны дараа холбоотнууд хэрхэн Европ тив болон дэлхий дахинд нөлөөллөө хадгалахаа тохиролцож, цэрэг, стратеги, улс төрийн түүхэн шийдвэр гаргасан түүхтэй. Харин өнөөдөр Украины дайныг шийдвэрлэх нэрийн дор дэлхийн нөлөөний хүрээг дахин тохиролцох оролдлого өрнөж байна уу гэсэн асуулт тавигдаж эхэллээ.
Нийтлэлч "Ялта-2: Дэлхийг дахин хуваах их гүрнүүдийн тохироо" нийтлэлээс