
Одоогоор Палестины дор хаяж 350 хүүхэд Израилын шоронд “хүнд нөхцөлд” хоригдож байна.
2023 оны аравдугаар сараас хойш Израилийн цэргүүд Палестины 2000 гаруй хүүхдийг баривчилсан талаар Палестины хоригдлуудын нийгэмлэг мэдээлэв.
Лхагва гарагт нийтэлсэн тайланд Израилийн эрх баригчид Палестины хүүхдүүдийг онилох ажиллагаагаа үргэлжлүүлэн эрчимжүүлж байгааг тэмдэглэжээ.
Мягмар гарагт Израилийн цэргүүд эзлэгдсэн Баруун эргийн Хеброн хотоос дор хаяж зургаан хүүхдийг баривчилсан талаар мөн тайланд дурджээ.
Бүслэлтэд байгаа Газын зурваст хүүхдүүдийг оролцуулан олон мянган хүн сураггүй алга болсон аж. Хүмүүсийг хүчээр сураггүй болгох явдал үргэлжилж байгаа тул Газад баривчлагдсан хүүхдүүдийн тоо тодорхойгүй байгааг тус байгууллага мэдэгдэв.
Израилийн эрх баригчид ял тулгахгүйгээр, суллах хугацааг нь тогтоохгүйгээр хүүхдүүдийг хорьж байгаа нь “Хүүхдүүдийг тодорхойгүй байдалд оруулж, гэр бүлийн амьдрал болон боловсролын тогтвортой байдлаас нь салгаж буй нэмэлт зөрчил, гэмт хэрэг” гэдгийг онцолжээ.
Палестины шоронд хоригдож буй хүүхдүүдийн хэргүүд
Израилийн эрх баригчдын үйл ажиллагаа айлган сүрдүүлэх, баривчлахаас эхлээд эрүүдэн шүүх, өлсгөх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах хүртэл үргэлжилж байгааг тайланд дурджээ.
Палестины хоригдлуудын нийгэмлэг дур мэдэн хоригдож буй хүүхдүүдийг суллах, зөрчлийн хэргүүдийг мөрдөн шалгах, Израилийн шоронд эрүүдэн шүүх, өлсгөх болон эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзах явдлыг таслан зогсоохын тулд олон улсын бодитой арга хэмжээ авахыг уриалжээ.
Израилийн тал 2023 оны аравдугаар сард эхэлсэн, Палестины эсрэг геноцидын дайн гэж тодорхойлогдож буй дайны үеэс хойш Баруун эрэгт 25 000 гаруй палестин хүнийг, Газын зурваст үүнээс гадна хэдэн мянган хүнийг баривчилсан гэж мэдээлсэн байна.