
Филиппиний эргийн хамгаалалтын алба пүрэв гарагт Тайванийн ойролцоох Батанес мужийн хойд хэсгийн усанд үйл ажиллагаа явуулж байсан Хятадын судалгааны хөлөг онгоцыг шалган зогсоохын тулд өөрийн хамгийн том хөлөг болон нисэх онгоцоо илгээлээ. Үүний дараа Хятадын эргийн хамгаалалтын хөлөг мөн тухайн бүсэд орж ирсэн гэж мэдэгдлээ.
Филиппиний талын ажиллагаа нь уг хөлөг онгоцны “зөвшөөрөлгүй далайн шинжлэх ухааны судалгааг тасалдуулж, удаан хугацаагаар байрлаж байсан газраасаа явахад хүргэсэн” гэж Өмнөд Хятадын тэнгисийн асуудал хариуцсан эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Жей Тарриела хэлсэн байна.
Филиппиний эргийн хамгаалалтын алба 97 метрийн урттай BRP Teresa Magbanua хөлөг болон нисэх онгоцыг Хятадын хөлөг онгоцны эсрэг байршуулсан байна. Хятадын хөлөг есдүгээр сарын 28-наас хойш Итбаят арлаас баруун хойд зүгт ойролцоогоор 37 далайн милийн зайд байрлаж байсан гэж тус алба мэдээлжээ.
JIA HAI KE 7 нэртэй Хятадын хөлөг нь Батанесийн ойролцоо удаан хугацаагаар байрлахдаа өөрийн байршлыг хуурамчаар мэдээлж байсан гэж Филиппиний эргийн хамгаалалтын алба өмнө нь мэдэгдсэн Хятадын далайн судалгааны хөлөг мөн юм.
Филиппиний эргийн хамгаалалтын алба Teresa Magbanua хөлгийг JIA HAI KE 7-оос 100 ярд орчим зайд ойртуулж, хатуу их биетэй хийлдэг завь буулгасан байна. Тус завь судалгааны хөлгийг хэд хэдэн удаа тойрон эргэлдэж, алба хаагчид радиогоор шаардлага тавьжээ.
Судалгааны хөлөг ажиллагааны үеэр Филиппиний завьнуудаас зайлсхийхийн тулд чиглэлээ удаа дараа өөрчилж байсан гэж эргийн хамгаалалтын алба мэдээлэв.
Үүний дараа Хятадын эргийн хамгаалалтын хөлөг судалгааны хөлгийг хамгаалахаар тухайн бүсэд иржээ. Улмаар Филиппиний хөлөгт радиогоор өөрийн шаардлагыг тавьсан байна.
JIA HAI KE 7 нь хувийн эзэмшлийн хөлөг учраас Хятадын эргийн хамгаалалтын хөлөг оролцсон нь “чухал” гэж Филиппиний эргийн хамгаалалтын алба мэдэгдэв. Энэ нь уг хөлөг Хятадын Засгийн газартай ямар холбоотой, мөн Батанес болон Лусоны хоолойн ойролцоох усан доорх кабелийн коридоруудаас цуглуулсан байж болзошгүй мэдээллийг ямар зорилгоор ашигласан талаарх асуултыг бий болгож байна гэж тус алба тайлбарлажээ.
Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр ажиллагаа үргэлжилж байгаа боловч JIA HAI KE 7-г удаан хугацаагаар байрлаж байсан газраасаа явахад хүргэсэн байна. Teresa Magbanua хөлөг тус хөлгийг Филиппиний эдийн засгийн онцгой бүсээс бүрэн гарч байгаа эсэхийг хянасаар байгаа аж.