
Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэхүү төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий, Алтанбулаг сумын нутгаар дайран Эмээлт чиглэлд холбогдож буй III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай төмөр зам юм.
Төслийн хүрээнд 4 өртөө, 3 зөрлөг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ. Найман байршилд нийт 1,279 урт метр гүүрэн байгууламж барьсан байна. Үүнээс Туул гол дээгүүр 20 тулгуур, 38 дам нуруутай, 476 метр гүүр барьсан нь манай улсын хамгийн урт гүүр болжээ. Мөн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт гүүр барьсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.
Гүүрнээс гадна ус өнгөрүүлэх болон иргэд, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолой барьжээ.
Уул, толгод, хөндий бүхий газар зүйн онцлогтой бүс нутгаар төмөр замын трасс байгуулахын тулд нийт 33 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын далан, ухмал зэрэг доод бүтцийн үндсэн ажлуудыг хийж дуусгажээ.
Төмөр зам эхний жилд 20 сая, цаашид 25 сая тн ачааг Улаанбаатар хотыг тойруулан тээвэрлэх бөгөөд энэ нь хоногт дунджаар 1,800 орчим том оврын автомашин хотын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг юм. Энэ хэрээр хотын дундуур дамжин өнгөрдөг ачаа тээврийн урсгал, төмөр зам, автозам огтлолцдог гол цэгүүдийн ачаалал буурч, түгжрэл багасна.
Тухайлбал, төмөр замын гармуудыг хаахад замын хөдөлгөөн хоногт дунджаар 144 минут саатдаг байсан бол 21-120 минутаар буурна гэсэн тооцоолол гарчээ. Мөн өнөөдрөөс 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон аюултай ачааг Улаанбаатар хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй боллоо.
Төмөр замын 87.8 дугаар км-т олон төрлийн ачаа тээврийн, 102 дугаар км-т аюултай ачааны нэгдсэн терминал байгуулахаар төлөвлөсөн байна.