
НҮБ-ын Хүүхдийн Сангаас “Тандем масс спектрометри” нярайн оношилгооны төхөөрөмжийг Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хүлээлгэн өглөө. Энэ нь Монгол Улсад анх удаа нэвтэрч буй технологи юм.
Жил бүр манай улсад 67 000 гаруй нярай мэндэлдэг ч шинжилгээний хүртээмж хязгаарлагдмал байдгаас олон хүүхэд эрсдэлд өртдөг. Харин уг төхөөрөмжийн тусламжтайгаар дөнгөж төрсөн нярайн нэг дусал цусаар 25–30 төрлийн бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх боломжтой.

Энэ чухал төхөөрөмжийг худалдан авахад шаардлагатай хөрөнгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн Эрүүл мэнд, хөгжлийн Элч Н.Цэлмүүний санаачилгаар зохион байгуулсан хандивын Гала арга хэмжээниы үеэр 27 компаниас өгсөн дэмжлэгээр бүрдүүлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн Сан болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд төхөөрөмжийг илүү хурдан, цаг алдалгүй хүргэж чаджээ.
