
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мягмар гарагт ОХУ нийслэл Киев хотод пуужингийн цохилт өгөхөөс өмнө барууны холбоотнууд нь урьдчилан анхааруулаагүй гэж мэдэгдэв.
Трамп ням гарагт “Эрчим хүчний гал зогсоох хэлэлцээр” зарласнаас хойш анх удаа ОХУ Украины эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөөгүй байна. Гэвч баллистик пуужин болон нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан тээвэр, ложистикийн дэд бүтцэд хүчтэй довтолжээ.
АНУ-ын албан тушаалтнууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх довтолгоогоо зогсоохгүй бол Украинд тагнуулын мэдээлэл дамжуулах болон зэвсэг худалдах ажиллагаагаа зогсооно гэж сүрдүүлсэн хэмээн Ройтерс тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд мэдээлсэн. Киев пуужингийн цохилтын талаар урьдчилан сэрэмжлүүлэхдээ АНУ-ын тагнуулын мэдээлэлд ихээхэн түшиглэдэг.
Трамп мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Вашингтон Украинд тагнуулын мэдээлэл дамжуулсаар байгаа ч дайныг зогсоохын тулд Киев, Москватай хоёулантай нь хамтран ажиллаж байгаагаа мэдэгджээ.
Зеленський X нийгмийн сүлжээнд нийтэлсэн видео мэдэгдэлдээ ойрын өдрүүдэд АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нартай уулзаж, мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх саналаа АНУ-ын албан тушаалтнуудад илгээсэн гэж мэдэгдэв.
Тэрбээр Орос улс хэлэлцээрийг мөрдөх нөхцөлд Трампын зарласан эрчим хүчний салбарын гал зогсоох санаачилгыг Украин дэмжиж байгааг онцолж “Бид энх тайвны төлөө ажиллаж, зөв алхам хийх арга замыг эрэлхийлэх хэрэгтэй. Украин уулзалтад оролцоход бэлэн байна” гэж хэлжээ.
Үүнээс өмнө тэрбээр хурцадмал байдлыг намжаахын тулд харилцан арга хэмжээ авахад Киев бэлэн байгааг дахин мэдэгдэж, Орост шахалт үзүүлэхийг холбоотнууддаа уриалсан юм.
Украины төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт АНУ-д хэлэлцээ хийсэн байна. Уулзалтын талаар мэдээлэлтэй эх сурвалжуудын хэлснээр, Уиткофф, Кушнер нар Оросын дизель түлшний экспортыг зөвшөөрөх хэлэлцээр нь Москваг дахин хэлэлцээний ширээнд авчрах оролдлогын нэг хэсэг гэдгийг Украины төлөөлөгчдөд хэлжээ.