
“Чингис хаан” үндэсний музейд энэ сарын 30-ны өдрөөс эхлэн “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг олны хүртээл болгох болсон талаар мэдээлэл хийлээ.
“Чингис хаан” үндэсний музей нь үйл ажиллагаагаа эхэлснээс хойш дэлхийн сонгодог урлагийн сор бүтээлүүдийг эх орондоо авчирч дотоодын үзэгчдэд хүргэх ажлыг эхлүүлж байна.
Энэ удаад Италийн Ром хотын “Боргезе” галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэж хоёр өөр эрин үеийн бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг үзэгчдэдээ олгож байна. Тус үзэсгэлэнд Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт мастер Рафаэл Сантигийн алдарт “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Нептун”-ыг онцлон толилуулна. Энэхүү алдарт бүтээл нь хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, хурц сэтгэл хөдлөлөөр илэрхийлэгдэж буйг үзэсгэлэнгийн үеэр харах боломжтой аж.
“Чингис хаан” үндэсний музейн захирал С.Чулуун хэлэхдээ “Уг хамтарсан тусгай үзэсгэлэн нь Монгол-Итали улсын соёлын харилцааг урлагаар дамжуулан өргөжүүлж, музей хоорондын мэргэжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодит алхам болж байгаа юм. Бид энэ онд “Занабазар: Монголоос Барокко урлагийн ертөнц рүү”, “Занабазар: Тал нутгийн мэлмий” үзэсгэлэнг Итали улсын Ром болон Турин хотуудад гаргалаа. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч Итали улсад айлчилсан ажлын үр дүн байгаа юм. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд бид Монголынхоо үзэгчдэд тусгай үзэсгэлэнг нээхэд бэлэн боллоо. Бид цаашид дэлхийн сонгодог урлагийн бүтээлүүдийг эх орондоо авчирч үзэгчийн хүртээл болгох ажлыг шат дараатай хийнэ. Музейн зүгээс гадаадад бүтээлийн үзэсгэлэнгээ гаргасаар байгаа. Италиас гадна Франц, Швейцарь, Чех улсад үзэсгэлэн гарч олон орны үзэгчдийн хүртээл болсон. Одоо Англид үзэсгэлэн гаргахаар бэлтгэж байна.” гэлээ.
“Чингис хаан үндэсний музейн куратор Ж.Дархижавтай цөөн хором ярилцлаа.
-Монголын үзэгчид “Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнд саатахад цөөн хоног үлдлээ. Үнэ цэнтэй бүтээлийг Монголд авчирсан хамтын ажиллагааны төслийн үр дүнг хэрхэн харж байна?
- Академич С.Чулууны санаачлан хийсэн төсөл байгаа. Төслийн хүрээнд хамгийн эхэнд өндөр гэгээн Занабазарын бүтээлийг дэлхий дахинд сурталчлан таниулах байсан. Үүнд, Итали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жованна Паккарретагийн дэмжлэг их байлаа. Хоёр талын төлөөлөл маш удаан хугацааны турш хэлэлцэж, ярилцсан. Үүний үр дүнд сонгодог урлагийн маш том төлөөллүүдийн бүтээлүүдийг харилцан солилцъё гэсэн шийдвэрт хүрсэн. Монголын үзэгчдэд дэлхийн сэргэн мандалтын үеийн агуу уран зураач Рафаэл Сантигийн бүтээлийг биечлэн үзэх боломжийг олгох, мөн XVII зууны Италийн уран баримал, архитектурын хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Жиан Лоренцо Бернинигийн бүтээл ирсэн. Өндөр гэгээн Занабазарын үед бүтээлээ туурвин байсан агуу уран барималчийн бүтээлийг Монголын үзэгчид үзэх боломжтой болж байгаагаараа онцлог болж байна.
-“Их далайн салхи тал нутагт” гэж онцлохоос аргагүй бүтээлүүд байна. Мэдээж энэ нь өнөөгийн цаг хугацаатай ч уялдаатай болов уу?
-Италичууд Европчуудаас өөр. Хүмүүстэй хэрхэн харьцахаас эхлээд соёлын ялгаа их бий. Итали хүмүүстэй ажиллаж байсан туршлага маань энэ төсөл дээр ажиллахад дөхөм байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд тавигдах хоёр бүтээлийг их удаан ярилцаж байж сонгосон. Хоёр бүтээлийн нь нэг нь маш эрч хүчтэй уран баримал бол нөгөө нь намуун, зөөлөн уран зураг байгаа. Гэхдээ хүч гэдэг ойлголт маш идэвхтэй хүчирхэг байдаг. Энэ хоёр бүтээлийн хүчирхэг байдал, ялгааг үзэгчид харж ойлгоосой гэж хүсэж байна. Хэдийгээр 400-500 жилийн эртний бүтээл байсан ч үзэл санаа, агуулга нь цаг үетэйгээ үргэлж зохицож явдаг юм байна гэдгийг харах болно. Өнөөдөр ч гэсэн энэ бүтээлүүд ийм олон асуултуудыг тавьж байгааг хараасай гэж хүсэж байна.
-Та бүхэн “Рафаэл ба Бернини” үзэсгэлэнг нэг сарын хугацаанд үзэгчийн хүртээл болгоно гэж байна. Үзэгчид үзэсгэлэнгийн үеэр нэмэлт юуг олж авч чадах вэ?
-Дэлхийн урлагийн сор бүтээлүүдийг эх нутагтаа авчирч олон улсын тусгай үзэсгэлэн зохион байгуулахад дээд зэргийн зохион байгуулалтаас гадна өндөр зардал шаардагддаг. "Чингис хаан" үндэсний музей нь олон улсын музейн стандарт шаардлагуудыг бүрэн хангаж, хоёр бүтээлийн тусгай үзэсгэлэнг дэглэн үзүүлэхэд бэлэн боллоо. Музейн зүгээс өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн боловсрол олгохоор бэлтгэсэн. Хоёр бүтээлийн түүх, уран сайхны онцлог, утга санааг гүнзгий танин мэдэхэд зориулсан каталоги, мерчендайзингийн бүтээгдэхүүн шинээр гаргаж үзэгч түмэндээ хүргэх болно. Мэдээж сарын хугацаанд үргэлжлэх тул үзэгч түмнийг амжиж саатахыг хүсэж байна.
“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн есдүгээр сарын 30-аас эхлэн арваннэгдүгээр сарын 1-н хүртэл "Чингис хаан" Үндэсний музейн 9 давхрын тусгай үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэнэ.
