
Польшийн Варшав хотод хиймэл оюун ухаан болон роботжуулалтад тавих зохицуулалтыг чангатгахыг шаарласан жагсаалын үеэр 30 орчим робот тус улсын Дижитал асуудал эрхэлсэн яамны байрны гадна цуглажээ.
Хоёр хөлтэй хүн дүрст болон дөрвөн хөлтэй, нохойтой төстэй роботууд жагсаалын үеэр эгнэн зогсоод туг барин уриа хашхирсан байна.
Жагсаалыг шинээр байгуулагдсан Польшийн Democratism санаачилга зохион байгуулжээ. Тус байгууллага хиймэл оюун ухаан болон роботжуулалт хөдөлмөрийн зах зээлд хэрхэн нөлөөлөх талаар олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой байна.
Роботууд “Ажлын байрыг хамгаал!”, “Дүрэм журам хэрэгтэй!”, “Хүлээлгүй, зохицуул!” зэрэг уриа хэлжээ.
Жагсаалд оролцсон хүн дүрст Agibot A3 робот сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Тус робот “Энд байгаа роботууд энэ технологи аль хэдийн бодит болсон гэдгийг харуулах зорилготой” гэж Democratism хөдөлгөөний нэрийн өмнөөс мэдэгджээ.
Жагсаалыг зохион байгуулагчдын нэг Гжегож Кулись “Хэрэв бид одоо арга хэмжээ авахгүй бол удахгүй асуудалтай тулгарч магадгүй” хэмээгээд ажилчдыг хамгаалах “дүрэм, зохицуулалт” шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Кулись нь робот техникийн компанийн мэдээллийн технологийн захирал , мөн хөдөлмөр зуучлалын байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Тэрбээр технологи хэр хурдтай хөгжиж байгааг шийдвэр гаргагчдад шууд харуулах зорилгоор роботуудын жагсаалыг зохион байгуулжээ.
Жагсаалын үеэр Кулись болон роботуудыг Польшийн Дижитал асуудал эрхэлсэн сайд Кшиштоф Гавковский хүлээн авч уулзсан байна.
Гавковский Польш улс Европын Холбоонд хиймэл оюун ухааны зах зээлд хяналт тавих тогтолцоог нэвтрүүлсэн анхны улс болсон гэж жагсагчдад хэлжээ.
Мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах асуудал хариуцсан комисс байгуулах, компаниудад хиймэл оюун ухааны шийдлээ өргөн хүрээнд нэвтрүүлэхээсээ өмнө туршиж үзэх боломж олгох зохицуулалтын туршилтын орчин (regulatory sandbox) бий болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.