
13–15 насны Instagram хэрэглэгчдийн бараг тавны нэг нь “үзэхийг хүсээгүй нүцгэн эсвэл бэлгийн агуулгатай зураг” харсан гэж мэдүүлсэн талаар шүүхийн баримтад дурджээ.
Энэхүү баримт нь Калифорни мужид өрнөж буй холбооны шүүхийн хэрэгтэй холбоотойгоор баасан гарагт нийтэд ил болсон. Баримтад 2025 оны гуравдугаар сард Instagram-ийн тэргүүн Адам Моссеригийн мэдүүлгийн хэсгүүд багтжээ.
Моссери компанийн зүгээс судалгааны үр дүнг “ерөнхийдөө олон нийтэд дэлгэдэггүй” гэж хэлээд, хэрэглэгчдийн өөрсдийн мэдүүлэгт тулгуурласан судалгаа “алдаатай байх магадлал өндөр” гэдгийг онцолсон байна.
Instagram болон Facebook-ийг эзэмшдэг Meta компанид дэлхийн улс орнуудын удирдагчид өсвөр насныханд сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүн зохион бүтээсэн гэж буруутгаж байгаа. АНУ-д мянга мянган нэхэмжлэл гарч, компанийн бүтээгдэхүүнүүд донтуулах шинжтэй, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн хямралыг өдөөсөн гэж буруутгагдаж буй.
Нүцгэн зурагтай холбоотой статистик нь постуудыг шалгасан дүн биш, харин хэрэглэгчдийн туршлагын талаар хийсэн судалгаанаас гарсан гэж Meta-ийн төлөөлөгч Энди Стоун мэдэгджээ. Meta 2025 оны сүүлээр “AI-аар бүтээсэн байсан ч нүцгэн эсвэл ил тод бэлгийн агуулгатай зураг, бичлэгийг устгана” гэж мэдэгдсэн. Гэхдээ эмнэлгийн болон боловсролын зориулалттай контентод тодорхой хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.
Мөн 13–15 насны хэрэглэгчдийн ойролцоогоор 8 хувь нь “Instagram дээр өөрийгөө гэмтээж буй эсвэл тэгнэ гэж заналхийлсэн хүнийг харсан” гэж мэдүүлсэн байна.
Моссеригийн хэлснээр ихэнх ил тод бэлгийн агуулгатай зураг нь хэрэглэгчдийн хоорондын хувийн зурвасаар илгээгддэг бөгөөд ийм контентыг шалгахдаа хэрэглэгчдийн нууцлалыг харгалзан үзэх шаардлагатай байдаг аж.