
БНХАУ хүлэмжийн хий ялгаруулалтаа олон нийтэд амласан хугацаанаасаа ч илүү хурдтай бууруулах замдаа орсон. Ялгаруулалт нь аль хэдийн оргилдоо хүрсэн байж магадгүйг бие даасан эрчим хүчний судалгааны байгууллагын шинэ тайланд дурджээ.
Хятад улс жил бүр бусад бүх улсаас хоёр дахин их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг. Тиймдээ ч энэ хэмжээ нь дэлхийн уур амьсгалын төсөөллийн хамгийн чухал хувьсагчдын нэг болж байна.
“New Energy Outlook 2026” тайланд дурдсанаар, Хятадын хүлэмжийн хийн ялгаруулалт 2023 оны оргилоосоо 2030 он гэхэд 17 хувиар буурах төлөвтэй байгаа аж. Энэ нь тус улсын Парисын хэлэлцээрийн хүрээнд амласан зорилтоос хурдассан үзүүлэлт бөгөөд эдийн засгийн өсөлт жилд ойролцоогоор 5 хувь хэвээр үргэлжилнэ гэж тооцоолжээ.
Бээжингийн албан ёсны амлалт нь 2030 оноос өмнө нүүрстөрөгчийн ялгаруулалтыг оргилд хүргэж, 2060 оноос өмнө нүүрстөрөгчийн саармагжилт буюу “цэвэр тэг” түвшинд хүрэх юм.
Шинэ тайланд Хятадын хүлэмжийн хийн ялгаруулалт зөвхөн оргилдоо хүрээд зогсохгүй, энэ арван жилийн дотор огцом буурна гэж үзжээ. 2050 он гэхэд ялгаруулалт оргил үеэсээ 50 хувиар буурах төлөвтэй байгаа ч АНУ болон Европын түвшнээс өндөр хэвээр байх магадлалтай гэж тайланд дурдсан байна.
Вьетнам, Япон, Индонез, Энэтхэг зэрэг Азийн орнууд 2025 онд ДНБ-ийхээ 3-6 хувийг эрчим хүчний импортод зарцуулсан нь сэргээгдэх эрчим хүч рүү шилжих хүчтэй эдийн засгийн шалтгаан болжээ.
Дөрөвдүгээр сард гарсан тайланд нар болон салхины эрчим хүч нь АНУ-Израилийн Ираны эсрэг дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямралын хамгийн ноцтой нөлөөнөөс дэлхийг хамгаалж байгааг онцолсон байна. Нарны эрчим хүч 2032 он гэхэд үнэ буурч, үйлдвэрлэлийн илүүдэл ихэссэнээр дэлхийн хамгийн том цахилгаан эх үүсвэр болох төлөвтэй байна.
Мөн батарейн хадгалалтын хүчин чадал 2025 оны 223 гигаваттаас 2035 онд 3.8 тераватт болж, 17 дахин өсөхөөр төсөөлөгджээ.
“Бид дахин нэг хямралын үед амьдарч байна. Гэхдээ өмнөх арван жилүүдээс ялгаатай нь өнөөдөр орнууд хариу арга хэмжээ авах бодит сонголттой болсон” гэж BloombergNEF-ийн ахлах эдийн засагч Дэвид Хостерт тайландаа дурдсан байна.
“Одоо бидэнд өргөн хүрээнд, хурдан нэвтрүүлэх боломжтой технологиуд бий болсон учраас урьд нь гол сонголт байсан чулуужсан түлшний технологиудаас системийн нийт өртгийн хувьд хямд болсон” гэдгийг ч нэмж хэлжээ.
Дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2000 оноос хойш хоёр дахин өссөн бөгөөд BloombergNEF-ийн үндсэн хувилбараар 2035 он гэхэд дахин 29 хувь, 2050 он гэхэд 69 хувиар өсөхөөр байна.
Зөвхөн дата төвүүдийн хүчин чадал 2025 онд 84 гигаваттад хүрч, 500 тераватт-цаг цахилгаан хэрэглэсэн нь дэлхийн нийт эрэлтийн 1.9 хувьтай тэнцэж, жилийн өсөлт нь 20 хувь болсон байна. Энэ үзүүлэлт 2050 он гэхэд 1,114 тераватт-цагт хүрч хоёр дахин нэмэгдэх төлөвтэй аж.
Тайланд мөн BloombergNEF-ийн “цэвэр тэг” хувилбарт томоохон өөрчлөлт орсныг дурджээ. Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд барих зорилт одоо бодитой биш болсон гэж үзсэн байна. Үүний шалтгаан нь ялгаруулалт өндөр хэвээр байгаагаас гадна нүүрстөрөгч их ялгаруулдаг хөрөнгө оруулалт үргэлжилж байгаатай холбоотой аж.
Хамгийн дээд хүчин чармайлтын хувилбараар дэлхийн дулаарал 1.81 хэмд хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн жилийн тайланд дурдсан 1.75 хэмээс өссөн үзүүлэлт юм.
Цөмийн эрчим хүчний өргөтгөл ихэвчлэн Азид төвлөрч байгаа бөгөөд 2035 он хүртэл шинээр баригдах хүчин чадлын 80 хувийг Хятад болон Энэтхэг бүрдүүлэхээр байна. Дэлхий даяар баригдаж буй 75.5 гигаваттын цөмийн хүчин чадлын 38 гигаватт нь Хятадад, 6 гигаватт нь Энэтхэгт ногдож байна.
Эрчим хүчний шилжилтийн хугацаа бүс нутгаас хамааран ихээхэн ялгаатай байгаа аж. Хятад улс бусад том эдийн засгуудаас илүү хурдтай цахилгаанжиж байна. Тус улсын цахилгаан үйлдвэрлэл дэх нүүрсний эзлэх хувь 2025 оны 32 хувиас 2050 он гэхэд ойролцоогоор 7 хувь хүртэл буурах төлөвтэй байна.
Энэтхэгт цахилгаан эрчим хүч 2041 онд нефть болон нүүрсийг давж гол эх үүсвэр болох бол Европ 2043 онд, АНУ 2047 онд ийм түвшинд хүрэхээр байна.
“Цахилгаан автомашин, дата төвүүд, хүн амын өсөлт болон аж үйлдвэрийн идэвхжил цахилгаан эрчим хүчний эрэлтийг өсгөж байгаа энэ үед дэлхий өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хамгийн үр ашигтай, хамгийн бага өртөгтэй технологиор хангах уралдаанд орж байна” гэж BloombergNEF-ийн эрчим хүчний эдийн засгийн хэлтсийн дарга Маттиас Киммел хэлжээ.