
Монголын өмнөд бүсийн экосистемийг судлах, хамгаалах зорилготой Говийн биологийн олон янз байдлын хүрээлэнг албан ёсоор нээлээ.
Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцож, байгаль орчны бодлого шинжлэх ухаан, өгөгдөлд суурилах ёстойг онцолсон байна.
Түүний хэлснээр,"Монгол Улсын газар нутгийн 76 гаруй хувь нь ямар нэг хэлбэрээр доройтолд өртөөд байгаа бөгөөд сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.3 хэмээр нэмэгджээ. Ийм нөхцөлд байгаль хамгааллыг уриа лоозонгоор бус, бодит судалгаа, дата дээр үндэслэн хэрэгжүүлэх шаардлагатай" гэсэн юм.
Шинээр байгуулагдсан хүрээлэнг говийн экосистемийг урт хугацаанд системтэй судалж, бодлого боловсруулах түвшинд шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл өгөх үндэсний төв болгохоор зорьж байна.
Энэ жил Монгол Улс НҮБ-ын "Цөлжилттэй тэмцэх тухай конвенц"-ын талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахаар бэлтгэж буйтай давхцан тус хүрээлэн нээгдэж байгаа нь онцгой ач холбогдолтой гэдгийг албаныхан онцлов.