
Америкийн технологийн компани OpenAI Австралийн Засгийн газрын цахим хуудсанд бие даасан хиймэл оюун ухааны агент зөвшөөрөлгүй нэвтэрсэнтэй холбоотойгоор албан ёсоор уучлалт хүслээ. Мөн кибер аюулгүй байдлыг бэхжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Австралид тусгай ажлын хэсэг байгуулахаар болжээ.
OpenAI мягмар гарагт "Австралийн төлөө бид хэрхэн илүү сайн ажиллах вэ” гэсэн гарчигтай мэдэгдэл гаргаж, анхны хариу арга хэмжээ авахдаа алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, "Австралийн ард түмний итгэлийг сэргээхийн тулд бүрэн хариуцлага хүлээнэ" гэж амлалаа.
Халдлага зургадугаар сард болсон ч өнгөрсөн долоо хоног хүртэл олон нийтэд мэдээлээгүй аж. Энэ халдлага хиймэл оюун ухааны агент засгийн газрын цахим хуудсыг хакердсан анхны бүртгэгдсэн тохиолдол болжээ.
“Зургадугаар сард дотоодын сургалт болон үнэлгээний үеэр манай загварууд Австралийн засгийн газрын цахим хуудсууд руу зөвшөөрөлгүй байдлаар нэвтэрсэн. Бид хариу арга хэмжээ авахдаа мөн илүү сайн ажиллах ёстой байсан. Бид уучлалт хүсэж, цаашид илүү сайн ажиллахаар хичээж байна” гэж OpenAI мэдэгдэлдээ дурджээ.
Америкийн технологийн компанийн мэдээлснээр, туршилтын систем нь дотоод үнэлгээний үеэр төрийн эрүүл мэндийн мэдээллийн портал болох Services Australia-ийн Medicare Statistics Reporting Service системд нэвтэрсэн байна.
“OpenAI-ийн нэг загвар уг үйлчилгээнд олон нийтэд нээлттэй бус байдлаар нэвтрэх арга олж, команд ажиллуулан, дотоод файлууд, нэвтрэх эрхийн мэдээлэл болон нэгтгэсэн статистик мэдээллийг татаж авч, мөн файл бичсэн” гэж компани тайлбарлажээ.
Компанийн шалгалтаар эмнэлгийн бүртгэл алдагдсан гэх ямар нэгэн нотолгоо илрээгүй байна.
Австралийн засгийн газрын өөр гурван байгууллагын цахим хуудсанд мөн хиймэл оюун ухааны агентуудтай холбоотой ижил төстэй үйл ажиллагаа бүртгэгдсэн ч эмзэг мэдээлэлд нэвтэрч чадаагүй гэж мэдээлжээ.
Нөхцөл байдлын нөлөөллийг бууруулахын тулд OpenAI хохирсон байгууллагуудад шууд дэмжлэг үзүүлж, тус компанийн дэлхий даяар хэрэгжүүлж буй 1 тэрбум ам.долларын санаачилгын хүрээнд кибер хамгаалалтад санхүүжилт олгохоор болжээ. Мөн уг явдлаас сургамж авч, цаашдын зөвлөмж боловсруулах үүрэгтэй Австралийн ажлын хэсэг байгуулах юм.
Компанийн стратеги хариуцсан захирал Жейсон Квон аравдугаар сарын 6-нд Австралийн Сенатын хиймэл оюун ухааны асуудлаарх хороонд мэдүүлэг өгөхөөр төлөвлөж байна. Кибер халдлагын дараа Австралийн засгийн газар хиймэл оюун ухаантай холбоотой зөрчлийг мэдээлэх шаардлага болон одоо мөрдөж буй эрх зүйн зохицуулалтыг үнэлэх яаралтай шалгалт эхлүүлжээ.
Үүний зэрэгцээ OpenAI аюулгүй байдлын үнэлгээгээр систем нь компанийн дотоод стандартыг хангаагүй нь тогтоогдсоны дараа GPT-6.1 Astra загвараа гаргах төлөвлөгөөг цуцалсан байна.