
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2026”-ийн үр дүнг танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгончулуу" Дэлхийн өрсөлдөх чадварын 2026 оны тайлангаар Монгол Улс 67 дугаарт эрэмбэлэгдэж, өмнөх оноос гурван байраар ухарлаа.
Тус судалгаанд нийт 341 үзүүлэлтийг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгээр үнэлдэг. Энэ онд Сингапур бизнесийн үр ашгийн үзүүлэлтээр долоон байр ахиж, Швейцарыг ардаа орхин дахин нэгдүгээр байрт бичигдэн тэргүүлээд байна. Харин Хонконг сүүлийн гурван жил дараалан ахиц гаргасаар хоёрдугаарт жагсжээ. Швейцар улсын хувьд эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр 24 байр ухарсан байна.
Харин манай худалдааны гол түнш болох БНХАУ бизнесийн үр ашиг болон татварын бодлогын үзүүлэлтүүдээ сайжруулснаар 16 дугаар байрнаас 12 дугаар байр руу дэвшээд буй. Харин тайланд сүүл мушгисан таван улсад Ботсвана, Монгол, Нигери, Намиби Венесуэл жагсаад байна. Энэ удаагийн тайлангаар Монгол Улс 39.02 оноотойгоор сүүлээсээ дөрөвт эрэмбэлэгджээ.
Тухайлбал, эдийн засгийн тамир тэнхээ үзүүлэлтээр 4 байр ухарч 59 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Үүнд ДНБ-д эзлэх дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалт үзүүлэлтээр 6, бараа бүтээгдэхүүний экспорт үзүүлэлтээр 13, оффисын түрээсийн үнэ үзүүлэлтээр 1-т эрэмбэлэгдсэн нь эергээр нөлөөлсөн боловч экспорт нэг түншээс хэт хамааралтай байгаа нь сүүл мушгих шалтгаан болов.
Мөн эдийн засгийн сөрөн тэсвэрлэх чадвар үзүүлэлтээр 70, үйлчилгээний салбарын экспорт, инфляц үзүүлэлтүүдээр 64-өөс 39-д эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ. Засаглалын үр ашиг өмнөх онтой харьцуулахад хоёр байраар ухарч 63-д эрэмбэлэгдсэн. Үүнд, институтийн тогтолцоо, бизнесийн хууль эрх зүй, төрийн санхүүгийн менежментийн сул байдал голлон нөлөөлжээ.
Дэд бүтэц өмнөх оны адилаар 66-д эрэмбэлэгдсэн бөгөөд технологи, шинжлэх ухаан, суурь дэд бүтцийн үзүүлэлтүүд ерөнхийдөө сул түвшинд байна гэж дүгнэсэн байна" гэлээ.