
СОР17 хурал өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай Конвенц (UNCCD) болон Олон Улсын Хэрэглээний Системийн Шинжилгээний Хүрээлэн (IIASA) хамтран COP17 бага хурлын хүрээнд “Газар нутгийг сэргээж, ирээдүйг баталгаажуулах нь: Төв Азийн бүс дэх нүүрстөрөгчийн тариалалт” сэдэвт тусгай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт олон улсын бодлого боловсруулагчид, хөгжлийн байгууллагууд, уур амьсгалын санхүүжилтийн байгууллагууд, нүүрстөрөгчийн зах зээлийн судлаачид болон салбарын мэргэжилтнүүд оролцож, нүүрстөрөгчийн тариалалтыг бүс нутагт өргөжүүлэх боломж, эрсдэл, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцлээ.
Мөн Төв Азийн бүс нутагт нүүрстөрөгчийн тариалалт болон газрын доройтлыг нөхөн сэргээх боломжийн талаарх хамтарсан судалгааны тайланг албан ёсоор танилцуулсан юм.
Хуурай бүсийн орнуудын хувьд газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал болон хөдөө аж ахуйн салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ нь томоохон сорилт болж байна. Үүний зэрэгцээ хөрсөнд нүүрстөрөгч хуримтлуулах, доройтсон газрын экосистемийг сэргээх, хөдөөгийн иргэдийн амьжиргааг дэмжих боломж байгааг тус судалгаанд онцолжээ.
IIASA болон UNCCD өнгөрсөн нэг жилийн хугацаанд Төв Азид нүүрстөрөгчийн тариалалтыг хөгжүүлэх боломжийн талаарх бүс нутгийн техник, эдийн засгийн үнэлгээг хамтран хийсэн байна. Уг судалгаанд Кыргызстан, Монгол, Тажикистан, Узбекистан улсын нөхцөл байдлыг авч үзсэн бөгөөд нүүрстөрөгчийн тариалалт нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ хөрсний эрүүл байдлыг сайжруулах, бэлчээрийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, усны менежментийг сайжруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих боломжтой гэж үзжээ.
