
Умард Солонгос есдүгээр сард болсон газрын мина дэлбэрсэн хэргийг Өмнөд Солонгос зохиомлоор бий болгож, хилийн хамгаалалтыг бэхжүүлэхээр ажиллаж буй цэргүүдийн аюулгүй байдалд заналхийлсэн гэж буруутган НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд захидал илгээсэн тухай тус улсын төрийн мэдээллийн KCNA агентлаг өнөөдөр мэдээллээ.
KCNA агентлагийн мэдээлснээр, Сөүл есдүгээр сард болсон мина дэлбэрсэн хэргийг ашиглан Пёньяны хилийн бүсэд хийж буй барилга, бэхэлгээний ажлыг цэргийн халдлага мэтээр дүрслэн харуулахыг оролдож байна гэж мэдэгджээ. Мөн тус улсын бүрэн эрхт байдалд халдсан аливаа үйлдэл өөрийгөө хамгаалах хариу арга хэмжээ авахад хүргэж болзошгүйг анхааруулсан байна.
Энэ нь есдүгээр сарын 21-нд хоёр Солонгосын хооронд орших Цэрэггүй бүсэд (DMZ) болсон дэлбэрэлтүүдтэй холбоотой юм. Уг дэлбэрэлтийн улмаас Өмнөд Солонгосын хоёр цэрэг хүнд гэмтсэн.
Үүний дараа Сөүлийн эрх баригчид Цэрэггүй бүсээр дайран өнгөрдөг Цэргийн зааглах шугамын өмнөд хэсэгт Умард Солонгосын байрлуулсан минууд дэлбэрсэн гэж мэдэгджээ.
Харин НҮБ-ын Командлал Умард Солонгосын байрлуулсан мина Цэргийн зааглах шугамын цаана байсан нь Солонгосын дайны гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн үйлдэл гэж дүгнэсэн байна. Пёньян энэ хэрэгт хариуцлага хүлээх үндэслэлгүй хэмээн няцаажээ.
Умард Солонгосын илгээсэн захидалд Өмнөд Солонгосын цэргүүд Умард Солонгосын алба хаагчид руу гал нээсэн гэж мөн буруутгасан байна. Тус улс үүнийг өөр улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэхийг хориглосон НҮБ-ын дүрмийг зөрчсөн үйлдэл гэж үзжээ.
Харин Сөүлийн эрх баригчид Умард Солонгосын цэргүүд Цэргийн зааглах шугамыг давсан тохиолдолд тэднийг хойд зүгт буцаахын тулд чанга яригчаар анхааруулга өгч, шаардлагатай үед анхааруулах буудлага хийдэг гэж тайлбарласан байна.
Сүүлийн жилүүдэд Умард Солонгосын цэргүүд Цэргийн зааглах шугамын ойролцоо тактикийн зориулалттай зам, хашаа барьж, газрын мина байрлуулах ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Өнгөрсөн баасан гарагт буюу аравдугаар сарын 23-нд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам санамсаргүй зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэлийг бууруулах зорилгоор Умард Солонгостой цэргийн түвшний хэлэлцээ хийх саналыг дахин тавьжээ.