
Гадаадын иргэдийг ажлын саналаар хуурч Орост авчирсны дараа тус улсын армид албадан элсүүлсэн талаар тайланд дурджээ.
Эмнести Интернэшнл байгууллага шинэ тайландаа Орос улс гадаадын иргэдийг Украин дахь фронтын шугамд байлдуулахын тулд хуурч мэхэлсэн нь “хүн худалдаалах” гэмт хэргийн шинжтэй гэж буруутгажээ.
Пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсанаар, Бразил, Колумб, Шри Ланка, Өмнөд Африкийн хохирогчдыг өндөр цалинтай энгийн болон байлдааны бус ажилд орох санал тавьж Орос руу аваачиж, очсоных нь дараа Оросын армид албадан элсүүлсэн байна.
Оросын элсүүлэгчид мөн тус улсад амьдарч буй цагаачид, дүрвэгсдийг онилон, цэргийн албанд элсэхийг албадсан гэж тайланд өгүүлжээ.
“Оросын Зэвсэгт хүчин эдийн засгийн хувьд эмзэг нөхцөлд байгаа гадаадын иргэдээр эгнээгээ зузаатгаж, тэднийг Украинд явуулж буй түрэмгий дайндаа ашиглаж байгааг Эмнестигийн судалгаа харуулж байна” гэж Эмнести Интернэшнл байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламар мэдэгджээ.
“Ашиглалт, албадлагын түвшин нь маш өндөр байсан тул олон тохиолдолд энэ нь НҮБ-ын Палермогийн протоколд тодорхойлсон хүн худалдаалах гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэхэд хүрсэн” гэдгийг Калламар нэмж хэлсэн байна.
Луйвар, хууран мэхлэлт
Эмнести Интернэшнл 2024–2026 оны хооронд Украины хоёр олзлогдогсдын лагерьт байгаа дайнд олзлогдогсдоос ярилцлага авчээ. Мөн тус байгууллага Оросын армид одоо алба хааж буй гадаадын иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчид, хүний эрхийн идэвхтнүүд болон сэтгүүлчидтэй ярилцсан байна. Тус байгууллагаас явуулсан судалгаагаар гадаадын иргэдийг эх оронд нь хуурч мэхлэхийн тулд орон нутгийн зуучлагчид болон төөрөгдүүлсэн онлайн ажлын заруудыг ашигладаг болохыг тогтоожээ.
Өмнөд Африкийн нэгэн эр Польшид жолоочийн ажилд орохоор онлайнаар хүсэлт гаргаж, ачааны машин авахаар Москва руу нисэж, түүнийгээ Польш руу жолоодон хүргэх ажлын гэрээ хийсэн байна. Түүний эхнэр Эмнести Интернэшнлд“Түүнийг Москвад очиход бүх зүйлийг нь хурааж авсан. Польш руу явахгүй, харин цэрэг болж байна гэж хэлсэн” гэж ярьжээ.
Ярилцлагад оролцсон бүх хүн цэргийн гэрээнд гарын үсэг зурсныхаа дараа зорчих эрх нь эрс хязгаарлагдсан гэж мэдэгджээ. Бразил болон Шри Ланкаас ирсэн элсүүлэгчид сургалтын үеэр паспорт, гар утсыг нь хурааж аваад фронтын шугам руу илгээсэн гэж ярьсан байна.
Орос улс Украинд халдан довтолсноос хойших дөрвөн жил хагасын хугацаанд Орос, Украин хоёулаа олон мянган гадаадын иргэнийг армидаа элсүүлжээ.
Эмнести Интернэшнл Оросын армид алба хааж буй гадаадын иргэдийн талаар мөрдөн шалгах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Учир нь Орос улс Эмнестиг “гадаадын агент” хэмээн тодорхойлдог бөгөөд тус байгууллага Орост хадгалагдаж буй дайнд олзлогдогсдод нэвтрэх боломжгүй аж.
136 орны 28 000 орчим гадаадын иргэн Оросын армид байлдаж байгаа гэх тооцоо бий. Мөн Орос улс 2024 онд Украины Курск муж руу хийсэн довтолгооны үеэр 14 000 орчим Умард Солонгосын цэргийг байлдаанд оруулсан гэж албаныхан үздэг.
Харин Украин улс 70 гаруй орны 16 000 гадаадын иргэн одоогоор Украины армид алба хааж байгаагийн 40 орчим хувь нь Латин Америкийн орнуудаас гаралтай гэж мэдэгджээ.
Орос улс өмнө нь гадаадын иргэдийг армид элсэхийг албаддаг гэх буруутгалыг няцааж байсан юм.