
Сайн муу саараараа дуудагдаж ирсэн Оюу толгойгоос монголчууд ногдол ашиг хүртэхээр болов. Өгөөжийг нэмэгдүүлэхээр Засгийн газраас ажлын хэсгүүдийг байгуулан, тэдгээр нь хэлэлцээрийг нь амжилттай хийснээр ямартай ч ашиг хүртэх нь тодорхой болсон. Тодруулбал, Ерөнхий сайдын 67 дугаар захирамжаар “Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэж, өөрчлөх, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, санал боловсруулах”, 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” ажлын хэсгийг байгуулж, үр дүнтэй ажилласны үр дүнд ийнхүү баялгийн өгөөжийг хүртэхээр болоод байгаа билээ.
Ажлын хэсгүүдийн хэлэлцээрийн үр дүнд нэгдүгээрт, менежментийн үйлчилгээний төлбөрийг 50 хувиар бууруулж, төслийн санхүүжилтийн менежментийн үйлчилгээний төлбөр 6 хувь байсныг 0 болгосон. Хоёрдугаарт, зээлийн хүүг SOFR+6.5 хувь буюу 10.4 хувь байсныг SOFR+4 хувь буюу 7.9 хувь болгож бууруулсан. Гуравдугаарт, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг хянан үзэх хугацааг 7 жил байсныг 3 жил болгосон юм.
Энэ бүх ажлын эцсийн үр дүнг Засгийн газар дүгнэхдээ “Хэлэлцээрүүдийн үр дүнд Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” хэмээгээд буй. Гэвч энэ нь ирээдүйд ирэх мөнгө болохоос өнөөдөр шууд бидэнд ирэх мөнгө биш гэдгийг иргэд нь ч эрх баригчид нь ойлгож байгаа юм алга. Нэг хэсэг нь иргэддээ тараах тухай ярьж, нөгөө хэсэг нь төсөвтөө төвлөрүүлж, үрж зарах тухай ярьж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан
Ноогдол ашгийг бэлнээр өгнө гэсэн хууль байхгүй. Баялгийн сангийн хуулиар Хуримтлалын санд орно. Засгийн газар 3 их наядын 1 их наядыг Хуримтлалын санд, 2 их наядаар нь эдийн засгийн суурийг тэлэх асуудлуудаа шийдье гэсэн саналтай байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж
Оюутолгойн ногдол ашиг 3 их наядаар Ахмадын тэтгэвэр нэмж, тэтгэврийн зөрүүг арилгахад зориулахыг шаардаж байна.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн
Засгийн газар Оюутолгойн ногдол ашиг нэрээр төсвийн дутагдалтай хэсгийг нөхөх гэж байгааг буруу гэж үзэж байна.
АН-ын Бодлогын Ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан
Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээс санал авсан дүр эсгэн төсөл хөтөлбөр санхүүжүүлэх гэж байгааг Ардчилсан намын бүлгээс эсэргүүцэж байна.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара
Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд өг. Юугаа авч юундаа зарцуулах нь тэдний асуудал. Өнгөрсөн хугацаанд төр тэр төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх нь яасан юм бэ. Энэ арчаагүй үйлдлийг нь иргэд төлөх ёсгүй.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг төсөвтэй хутгаж, урсгал зардал руу оруулж болохгүй.Хэрвээ ногдол ашгийг иргэдийн данс руу шууд хийдэг больё гэвэл Баялагийн сангийн хуулийг дахин эргэн харж, их хурал дээр яригдах асуудал.
“Оюутолгойн ногдол ашгийг иргэд дансандаа авья” жагсаал цуглаан болоод ч амжлаа. Гэвч энд нэг л асуудал бий. Оюу толгойн хэлэлцээрээр менежментийн төлбөр, зээлийн хүүгийн нөхцөлийг өөрчилж, төслийн хугацаанд гарах зардлыг бууруулан, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Энэ бол чухал өөрчлөлт мөн. Гэхдээ зардал бууруулах тооцоо, ирээдүйд хүртэх өгөөж, улсын төсөвт бодитоор төвлөрөх орлого гурав хоорондоо ялгаатай ойлголт.
Ногдол ашгийн өгөөжийг улсын төсөвт төвлөрүүлэн Монгол Улсын эдийн засгийн суурь хөгжлийг тэлэхэд зарцуулна гэж мэдэгдсэн. Ирээдүйд олох орлогыг урьдчилан тооцож болно. Харин түүнийг хэдийнэ олсон мөнгө мэтээр зарлагадах нь өөр хэрэг. Төсвийн орлого тасрах, тооцоолсон хугацаа хойшлох, төслийн санхүүгийн нөхцөл өөрчлөгдөх эрсдэл байсаар байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын төрийн эзэмшлийн ногдол ашиг бүхлээрээ Хуримтлалын сан руу орох ёстой. Гэвч Засгийн газраас 2027 оны төсвийг дагуулан нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл өргөн барьж, иргэдээс санал авсан нэрийн дор энэхүү мөнгийг үрэн таран хийхээр төлөвлөөд буй. Зүй нь төсөвт тусгахаасаа өмнө иргэдийн саналыг авах ёстой байсан мэт.
Дараагийн асуудал. Бэлнээ мөнгөө авъя гэсэн иргэдэд тараах гэж буй мөнгө нь яг хаана байна вэ. Хэзээ орж ирэх вэ. Хэдийг нь иргэдэд өгөх боломжтой вэ. Сангийн сайд З.Мэндсайханы мэдэгдсэнээр “Засгийн газар авах ёстой гэж үзэж байгаа. Монголын ард түмэн баялгийн өгөөжөө хүртэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь Монголын талд оногдох өгөөж 53 хувь байна гэсэн. Үүнийг хангуулахын тулд ажиллаж байгаа. Ногдол ашиг өгөх шийдвэр нь гарсан” гэсэн тодорхойгүй хариулт өгсөн. Тэгэхээр иргэдэд мөнгө өгөх тухай амлалт нь хоосон амлалт төдийгөөс гадна тэртээ холын боломжгүй зүйл. Нэг ёсондоо улс төрчдийн ээлжит попрол. Хуулиараа ч ийм зүйл байх боломжгүй.
Оюу толгойн өгөөжийг хэн хүртэх вэ гэдгээс өмнө тэр өгөөж хэзээ, ямар хэмжээгээр бодитоор орж ирэх вэ гэдгээ тодорхой болгохыг шаардах ёстой. Иргэдэд тараах уу, улсын төсөвт төвлөрүүлэх үү гэдэг нь дараагийн асуудал. Эхлээд орлогоо баталгаажуулъя. Дараа нь хуваарилъя. Үгүйдээ ядаж “Онтрэ”-гийн лицензийн маргааныг эцэслэхийг шаардъя.
“Онтрэ ресурс”-ын шинэ гүйцэтгэх захирал Крис Адамс 2026 оны 9 дүгээр сард хувьцаа эзэмшигчиддээ илгээсэн захидалдаа Шивээ толгой, Жавхлантын уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг “Оюу Толгой ХХК”-д шилжүүлж, холбогдох татварыг Монголын татварын байгууллагад төлсөн талаар мэдээлсэн. Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Лиценз одоогоор шилжээгүй, АМГТГ-т хүсэлт ирээгүй. Ирсэн ч Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ хийхээс нааш шилжүүлэхгүй” гэж мэдэгдээд буй. Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаа авахын тулд Шивээ толгой, Жавхлантын ордоо барьцаанд тавиад туусан уу гэдэгт шийдтэй хариулт хэрэгтэй байна.