
Сургууль дээр бусдыг дээрэлхсэн эрэгтэй сурагчид гурав хүртэлх удаа ташуурдуулах шийтгэл хүлээлгэнэ.
Сингапурт сургуулийн сахилгын шинэ жумыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний дагуу хүүхэд дээрэлхсэн нь тогтоогдсон эрэгтэй сурагчид ташуурын шийтгэл хүлээлгэхээр болжээ.
Боловсролын яамнаас шинэчилсэн дүрмийг танилцуулж, энэ долоо хоногт парламентад хэлэлцсэн байна. Шинэ журмаар дээрэлхэлт үйлдсэн нь тогтоогдсон хөвгүүдийг нэгээс гурван удаа ташуурдах эрхийг сургуулиудад олгожээ. Мөн цахим дээрэлхэлт ч энэ журамд багтсан байна.
Боловсролын сайд Десмонд Ли ташуурдах шийтгэлийг “хамгийн сүүлчийн арга хэмжээ” болгон хэрэглэх бөгөөд зөрчлийн ноцтой байдлыг харгалзан бусад арга хэмжээ хангалтгүй үед ашиглана гэж мэдэгджээ. “Сурагчийн аюулгүй байдлыг хангахын тулд хатуу журам мөрдөнө. Жишээлбэл, ташуурдах шийдвэрийг сургуулийн захирал баталж, зөвхөн эрх бүхий багш хэрэгжүүлнэ” гэж тэр хэлсэн байна.
“Сургуулиуд сурагчийн төлөвшлийн түвшин болон ташуурын шийтгэл нь түүнийг алдаанаасаа суралцаж, үйлдлийнхээ ноцтой байдлыг ойлгоход тус болох эсэхийг харгалзан үзнэ” гэж нэмжээ.
Энэхүү хатуу арга хэмжээ нь сурагчдын зан үйлийн талаар нэг жилийн турш хийсэн үнэлгээний дараа гарч байгаа бөгөөд Сингапурын сургуулиудад гарсан хэд хэдэн олны анхаарал татсан дээрэлхэлтийн хэрэг үндэсний хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн юм.
Сайд Лигийн хэлснээр уг арга хэмжээ нь зөвхөн бага сургуулийн ахлах анги буюу 9-12 насны болон түүнээс дээш насны хөвгүүдэд үйлчлэх аж. Мөн Сингапурын Эрүүгийн хууль эмэгтэйчүүдэд ташуурдах шийтгэл оногдуулахыг хориглодгийг онцолжээ.
Тэрээр мөн шийтгэл хүлээсэн сурагчийн “сайн сайхан байдал болон ахиц дэвшил”-ийг сургуулиуд цаашид хянаж, зөвлөгөө өгөх болон бусад дэмжлэгийн үйлчилгээ үзүүлсээр байх болно гэж мэдэгдсэн байна.
Харин дээрэлхэлт үйлдсэн нь тогтоогдсон эмэгтэй сурагчдад “саатуулах, эсвэл түр түдгэлзүүлэх, сахилгын үнэлгээг бууруулах болон сургуулийн бусад шийтгэл” ногдуулна гэж Боловсролын сайд хэлжээ.
Хүний эрхийн байгууллагууд Сингапур улс сургууль болон эрүүгийн эрх зүйн тогтолцоондоо биеийн шийтгэлийг хэрэглэсээр байгааг удаан хугацаанд шүүмжилж ирсэн.
Гэсэн хэдий ч Сингапурын эрх баригчид ташуурын шийтгэл нь ноцтой гэмт хэрэг болон сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэж үздэг байна.
Сингапур дахь ташуурын шийтгэл нь Их Британийн колоничлолын үеэс улбаатай бөгөөд Их Британи өөрөө хожим нь биеийн шийтгэлийг халсан юм. Австрали ч мөн олон арван жилийн өмнө улсын сургуулиудад ташуурын шийтгэлийг зогсоосон бол зарим хувийн сургууль 2000-аад оны эхэн үе хүртэл энэ практикийг үргэлжлүүлж байжээ.
ДЭМБ-ийн өнгөрсөн жилийн тайланд “хүүхдэд биеийн шийтгэл хэрэглэх нь олон төрлийн хор уршигтай бөгөөд ямар ч ашиг тусгүй гэдгийг нотлох шинжлэх ухааны хангалттай баримт одоо бий болсон” гэж дурдсан байна.
Эмнести Интернэйшнл мэдэгдэлдээ “Биеийн шийтгэл бол хүүхдэд хэзээ ч хэрэглэж болохгүй хэрцгий, доромжлолтой харьцаа юм. Ташуурдах нь дээрэлхэлт болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэдгийг нотлох баримт байхгүй. Үүнийг Сингапурын сургууль болон хууль эрх зүйн тогтолцооноос бүрэн халж устгах ёстой” гэжээ.