УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл, 2026 оны төсвийн төслийг хэлэлцэх үеэр завсарлага авсан. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл тав хоногийн завсарлага хүссэн ч УИХ-ын дарга хоёр хоногийн завсарлага өгсөн юм. Тиймээс өнөөдөр АН-ын бүлэг хуралдаж 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Эдийн засөг, хөгжлийн сайд Н.Учрал, 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд талаар Сангийн сайд Б.Жавхлангаас мэдээлэл авч байна.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл өчигдөр завсарлага авахдаа "Төсвийн хэлэлцүүлгээс завсарлага авах олон шалтгаан байна. Монгол Улсын нэг жилийн төсөв нь дунд хугацааны төлөвлөлттэй уялдсан байх ёстой. Гэтэл 2026-2030 он хүртэлх хугацааны төлөвлөлтөө батлаагүй байж төсвөө хэлэлцэж байгаа нь дарааллын хувьд буруу байна" гэсэн юм.
Мөн АН-ын бүлэг өчигдөр хуралдахдаа төсвийн ажлын хэсэг байгууж, Б.Түвшин гишүүнээр ахлуулсан.