Шатрын блиц /түргэвчилсэн/ болон рапид төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Английн Лондон хотод маргааш нээлтээ хийнэ. Тус тэмцээнд 53 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монголын шатарчид өчигдөр Лондонг зорьсон. Энэ жилийн тэмцээнд манай шатарчид “Mongolia-A”, “Mongolia-B” болон “The MongolZ” гэсэн гурван багаар оролцож байна.

Багийн бүрэлдэхүүнд их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Т.Мөнхзул болон их мастер, улсын аварга С.Билгүүн, Ү.Үүрийнтуяа, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ нарын тэргүүтэй шатарчид багтжээ.

Тэмцээний нээлтийн ажиллагаа маргааш болж, ирэх ням гарагт өндөрлөнө.  

Ташрамд дурдахад, 2024 онд Казахстаны Астана хотод болсон рапид болон блицийн ДАШТ-ээс тавдугаар ширээнд кандитат мастер Б.Мөнгөнзул хувийн дүнгээр хүрэл медаль хүртсэн билээ.