
Яг л өнөөдрийнх шиг парламент дахь МАН хоёр хуваагдаж, тухайн үеийн Шадар сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаа огцруулах асуудлыг хөндөж Төрийн ордон дүүрэн бужигнасан үе. 2017 оны тавдугаар сараас эхлээд Шадар сайд У.Хүрэлсүхийг нэр бүхий хамгаалалтын алба, зургаан иргэн нь хууль бусаар мөрдөн мөшгөж, тагнаж чагнаж байна гэсэн мэдээллийг түүний өмгөөлөгч Ц.Баасандорж хийв. Тэд долоодугаар сарын 3-нд АТГ, ТЕГ-т хандав. Түргэн авч сар гаруй шалгасан АТГ-ынхан харин “Шадар сайд У.Хүрэлсүх төрсөн дүү У.Отгонбаяр өөрийн хамаатны хүмүүсээрээ дамжуулан өөрийгөө мөрдөн мөшгисөн болох нь тогтоогдсон” гэж мэдэгддэг юм даа. Ингээд энэ асуудал наргиан хошигноон болоод хаагдсан.
“Саалийн үнээ” нэртэй Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн даргын албыг давхар хашдаг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын суудалд сууж байсан Б.Шинэбаатарын албан өрөөнөөс чагнах төхөөрөмж илэрсэн учраас Сангийн сайд Н.Батбаяр чуулганы хуралдаанаас чөлөө авсан гэж нэг өдөр бас УИХ-ын дарга З.Энхболд зарлаж байв. Бөөн л юм болсон. Хожим нь нягтлахад Ц.Шинэбаатарын өрөөнд хүн нэвтэрсэн нь үнэн байсан. Гэхдээ тухайн орой ээлжинд гарсан Төрийн тусгай хамгаалалтын газрын албан хаагч оройдоо өлсөөд Ц.Шинэбаатарын өрөөнд нэвтрэн орж ус буцалгагчийг нь ажиллуулж, халуун усанд жигнэмэг дүрж идсэн явдлын өндрийг авахуулсан хэрэг болж төгсөж билээ.
Хамгийн сүүлд Оюутолгойн бүлэг ордыг ашиглалтыг хянан шалгах түр хорооны даргаар томилогдсон чинь хувийн оффисынх нь ойролцоо 9 автомашин дагаад байна гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Төрийн ордонд сэтгүүлчдийг цуглуулж байгаад хэллээ. 5896 УЕУ, 3602УЕТ, 8592УЕУ 7406УНК, 2983УАТ, 8643УЕН, 7935УНК, 8726УЕА, 4829УЕТ улсын дугаартай автомашинаар дагаж мөрдөж байж боломгүй үйлдэл гаргах болсон учраас ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод тэрээр хандаж бичиг өгсөн. Дээрх улсын дугаарууд бол улсын бүртгэлд бүртгэлгүйн дээр autobox.mn сайтаас хайхад мэдээлэл нь гарч ирдэггүй юм билээ. Айсан хүнд аргал хөдөлдөг гэж үг бий ч, үнэхээр дагасан, дагаагүйг шууд хэлэхэд бэрх. Бүртгэлгүй дугаарын асуудлыг “далдынхан”-тай холбох уу, МАН дахь “Харвард фракцын” ээлжит жүжигтэй холбох уу гэдэгт прокурорын байгууллага тайлбар өгөх нь зүй ёсных.
Байсхийгээд л мөрдлөө, мөшгөлөө, бичлэг задлалаа, дагалаа гэдэг нь улстөрчид л болохоос тэгж зарлан тунхаглаад байдаг нь иргэд биш. Энэ бүхний ард ямар экосистем оршдог нь сонин учраас багахан дүн шинжилгээ хийж энэ нийтлэлийг хүргэж байгаа юм.
Ардчилалд шилжсэн 1990-ээд онд тухайн үеийн ЦЕГ-ын дарга, хошууч генерал Б.Пүрэвийн тушаалаар Цагдаагийн Тусгай тасгийг 60 орон тоотой байгуулсан нь хожмоо “60 хар” гэж алдаршсан байдаг. Тусгай тасгийн анхны даргаар одоогийн Допингийн үндэсний байгууллагын дарга, хурандаа Ц.Уугангэрэл, “60 хар”-ыг хурандаа Д.Чинзориг бэлдэж байв.
Тухайн үед ЦЕГ-ын дэргэдэх “Дэлгэрэх нэгдэл” улсын үйлдвэрийн захирал, хурандаа А.Дамбадаржаа нар 1992-1996 оны парламентад гишүүн байсан С.Нарангэрэл, С.Зориг нарыг ятган Хувийн мөрдөлт, хамгаалалтын тухай хуулийн төслийг санаачлуулсан. С.Нарангэрэл академич парламентаас буусан хойноо дээрх төслийг 2000 онд Гэрээт харуул хамгаалалтын тухай, 2001 онд Хувийн хамгаалалтын тухай хууль болгож батлуулсан. Мэдээлэлд ойр байснаараа анхны Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа Б.Пүрэв генерал “Бамбай секьюрити сервис”, Д.Чинзориг “Цагаан бар секьюрити” компани, А.Дамбадаржаа “Бүрэн бамбай”, тусгайгийн Ц.Уугангэрэл болон ЭЦГ-ын дарга М.Ганболд нар “Хос харцага” компаниа байгуулсан байв. Б.Пүрэв генерал өөрийнх нь дараагийн ЦЕГ-ын дарга Ч.Амарболд генералаас 001 дугаартай Дохиолол, хамгаалалтын байгууллагын тусгай зөвшөөрөл авсан байдаг юм. Түүнээс хойш хувийн хамгаалалт, дохиолол, харуул хамгаалалтын бизнес “хурандаа нарынх” болж, энэ бизнест хилийн цэрэг, цагдаа, арми, тагнуулын хурандаа нар татагдан орсон. Сүүлд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал байсан хурандаа Ч.Алтанхишигийн араас, Дотоодын цэргийн штабын дарга асан, бригадын генерал Р.Чингис “Просижион”, “Пи Эс Жи Секьюрити” компаниуд байгуулж, гэрээт харуул хамгаалалт, хяналтын камерын бизнес рүү орсон байна билээ.
Гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллагаас төрсөн хурандаа нар улстөрчид, гадна дотнын бизнесийнхний гэр орон, зочид буудал, амралтын газар, уул уурхай, орд газрууд, банк санхүүгийн байгууллагуудыг нь хамгаалж байна.
Б.Пүрэв генералын 800 хүнтэй Бамбайгийнхан Оюутолгой, Хөшөөтийн ордын хамгаалалтыг хариуцна, бусад нь тэр тэрийг хариуцна гээд “хувааж авав”. Тэд тусгай албанаас чөлөөлөгдсөн залуучуудыг, эсвэл 42-45 насандаа цэргийн тэтгэвэрт гарсан хүмүүсийг элсүүлж ажлын байраар хангадаг. Гүйцэтгэх ажил явуулах эрхтэй тусгай албадаас төрөн гарсан тэдгээр хурандаа нарын бизнес камер, дохиолол, хамгаалалтын төхөөрөмжийн бизнесийг атгадаг. Тэд төхөөрөмжөө суурилуулж өгдөг, хянадаг, бас манадаг. 2022 оны байдлаар 980 харуул хамгаалалт, хувийн хамгаалалтын байгууллага улсад бүртгэлтэйгээс 487 байгууллага идэвхтэй ажиллаж байдаг. Энэ “арми”-д 10 мянган харуул, хамгаалагч үүрэг гүйцэтгэж байна.
Говь-Алтайд цагдаа байсан Х.БатЯлалт (Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн) “Хувийн мөрдөх товчоог хуулиар зөвшөөрөх цаг болсон” гэсэн хэвлэлийн бага хурал хийснийг Монголын Аюулгүй байдал, хамгаалалтын нэгдсэн холбоо ТББ-ын фэйсбүүк дэх хуудас нийтэлжээ. Энэ ТББ-ыг 2022 оны арванхоёрдугаар сард өмнө нь тархай бутархай байсан Хамгаалалтын байгууллагуудын төв холбоо, Хамгаалалтын байгууллагуудын холбоо, Хамгаалалтын ажилтны холбоо, Хамгаалагчдын эрхийг хамгаалах холбоо ТББ-ууд нэгдэж байгуулснаас үзэхэд Х.Бат-Ялалтын байр суурийг түгээж буй нь гэрээт харуул, хамгаалалтын байгууллагууд “хувийн мөрдөгч”-ийн ажлыг хуулиар зөвшөөрүүлэх боломжийг эрэлхийлж байгаа гэж дүгнэж болох талтай. Шинэ юм биш л дээ, сонин хэвлэлийн буланд олон жилийн өмнөөс “төрийн чиг үүргийг гэрээгээр шилжүүлэх замаар мөрдөн мөшгөх ажлыг хувийн хэвшлээр хийлгүүлэх тухай” төлбөртэй нийтлэлүүд тавигддаг байсан. 487 байгууллагын 10 мянган ажилтанд иргэдийг мөрдөн мөшгөх, тагнаж чагнах “халтуур”-ын үүд хаалга нээнэ гэдэг амар тайван амьдралыг бий болгохгүй.
Хоёр жилийн өмнө Төрийн ордонд нэгэн бэлтгэл хурандаа “Хувийн мөрдлөгийн хуультай болохыг дэмжээч” гэж зарим хүнтэй уулзсан тухай сураг гарч байна. Нөхөр өөрөө бол салбарын сайдаа УМБГ, ЭЦГ-ын даргатайгаа хамт мөрдөн мөшгөж, элдэв янзаар бичүүлж байсан араа гинжний нэг бололтой юм. Сайд руугаа чиглэсэн гүйцэтгэх ажлын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан бүрэлдэхүүний нэг хэсэг Төрийн ордонд МАН-ын засаглалын үед амьтан хүн ятгаад явж байна гэдэг сайн юм биш.
Цагдаагийн ажил цалин багатай, цаг наргүй. Яалт ч үгүй, гэмтнүүдийг гэлбэлзүүлж, хууль зөрчигчдөд зохих шийтгэлийг нь оноож, төрд торгууль хурааж өгдөг учраас нэр сайнгүй. Цагдаагийн удирдах бүрэлдэхүүнд ажиллаж байсан хүн хувийн мөрдлөгийг хуулиар зөвшөөрүүлээд хувийн мөрдөгчдийг ажилд авч бизнес цэцэглүүлэх тухай төлөвлөгөө тээсэн явна гэдэг бол өсч өндийсөн цагдаагийн албаа хайрлахгүй байгаагийн илрэл. Залуу цагдаа нар өнөөдөр 2 сая төгрөгийн цалин авч чадахгүй байгаа. Хувийн мөрдөгчид өдрийн 2 сая төгрөгийн цалин амлавал тэр залуучууд албаа хаяж явна.
Хамгийн түрүүнд Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба хоосорно, хот, хөдөөгийн эрүүгийн төлөөлөгчид ажлаа өгөөд “хувийн мөрдөгч” болцгооно. Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар сургуулиа төгсөөд хувийн хамгаалалтын компаниуд руу хошуурна. Төсвийн цалинтай цагдаагийн байгууллага хүний нөөцийн хомсдолд орж, нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх төрийн чиг үүрэг суларна. Харин нөгөө талд бэлтгэгдсэн офицерууд, шилэгдмэл төлөөлөгчдөөр хамт олноо бүрдүүлсэн гэрээт харуул хамгаалалтын албад хүчтэй болж тагнаж чагнах, дагаж мөрдөх, айдаст автуулах үзэгдэл хяналтаас гарна. Албандаа сурсан эрдмийг мөнгө төлсөн компани, хэн нэгний өмнөөс жирийн иргэдэд ашиглаж эхэлнэ. Гуравхан сая хүн амтай Монголд 10 мянган хүнтэй хамгаалалтын албадын бизнесийн хувийн мөрдлөг ахадна, хурандаа нарын дарангуйллыг тогтооно. Өнөөдөр хувийн мөрдөгчийг хуульчлан зөвшөөрөөгүй байхад хүн явуулдаг, дагуулдаг, дарамтлуулдаг, айлгаж ичээдэг явдал гарч байна. Хуулиар зөвшөөрвөл ил цагаандаа гарах биз дээ.
Нэг улстөрч ТӨХК-д захирлаар дөнгөж томилогдоод л “Бүлэглэлийн толгойлогч намайг тагнаж, байршил тогтоох төхөөрөмж хувцсанд минь суурилуулсан байна. Би үзэж тарна даа” гээд фэйсбүүк дүүрэн дуулиан дэгдээв. Өөрөө ч нийгмийн сүлжээнд идэвхтэй, олон дагагчтай нөхөр. Бөөн л юм боллоо. Тэгсэн өвлийн улиралд үе үе хэтрүүлж балгадаг нөхөртөө санаа зовсон эхнэр нь “airtag” хувцсанд нь оёсон байж билээ.
Ийм үйлдэл дээр гомдол гаргаад Эрүүгийн хуулийн 13.12.1-т зааснаар буюу хууль бусаар мөрдөн мөшгөсөн хэргээр зүйлчилсэн хэрэг цөөхөн. Нэг үгээр хууль сахиулах байгууллагууд энэ заалтыг хэрэглэх нэгдмэл ойлголттой болоогүй. Бас иргэд ийм үйлдэл хууль бус гэдгийг мэддэггүйн дээр гомдол гаргаж эрхээ хамгаалдаггүй.
Нэгэн жишээ. Нөхөр нь хөрөнгөлөг нэгэн. Эхнэр бол араар нь тавьдаг байж. Салъя гээд шүүхэд хандсан, шүүх тэдэнд эвлэрэх хэдэн сарын хугацаа өгсөн. Энэ өдөр эхнэрээ нууц амрагтайгаа байхад нь нөхөр олоод иржээ. Хоёуланг нь зодож, бичлэг хийж. Зодуулсан “амрагууд” цагдаа дуудсанаар эхнэрээ яаж олсныг нөхрөөс асууж байцаав. Нөхөр тусгай албаны мэргэжлийн дуу чагнах, байршил илрүүлэх төхөөрөмж хүнээс худалдан авч, эхнэрийнхээ цүнхэнд нууснаа улайжээ. Хөрөнгө хуваах, хүүхдээ өөр дээрээ авахад шүүхэд гаргаж өгөх баримт болгох үүднээс төхөөрөмж ашигласнаа хэлж. Шүүх тэднийг салгасан ч хүүхдийг нөхөрт өгөөгүй. Бас бусдыг хууль бусаар мөрдөн мөшгөсөн үйлдлээрээ нөхөр хэсэгтээ шалгагдсан.
Дахиад жишээ. Салаад Унгарт амьдрахаар очсон залуу найз охиндоо өсөрхөн нэр хүндийг нь унагахаар таньдаг хүнээ хөлслөв. Найз охиныг нь бялдаржуулах төв, цэнгээний газар, автобусны буудал, хоолны газарт бусадтай уулзаж байхад нь зургийг нь авч явуулдаг байж. Хэн нэгэн дагаж, зураг аваад байгааг бүсгүй мэдэж цагдаад хандсан. Цагдаа ирээд яг үйлдэл дээр нь барьж авч, дагаж явсан залууг шүүх шийтгэжээ.
Сүүлийн жишээ, МУИС-ийн нэг сургуулийн танхимын эрхлэгчийн гэрийн хаалгаар хэн нэгэн эргэлдэх болж, тэр хүн ажлын ойр тойронд нь байнга явдаг, бас өөрийнх нь тухай мэдээний дор доромжилсон сэтгэгдэл бичигдэх болж. Тэр дагаж мөрдөөд яваа эр гал сөнөөгчийн ажилтай, амралтаараа “халтуур” хийж яваа нэгэн байсан. Түүнд МУИС-т ажиллаж байгаад чөлөөлөгдсөн эмэгтэй “Танхимын эрхлэгчийн гэрийг мэдээд өг, машиныг нь олоод өг” гэдэг захиалга өгсөн. Энэ явдал захиалсан, гүйцэтгэсэн хоёр эрүүгийн ялтан болоод дууссан. Хэн нэгэнд хохирол учраагүй байх нь хамаагүй, бусдыг мөрдөн мөшгөхийг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тооцдог.
Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн 13.12.2-т мөрдөн шалгах эрхтэй албан хаагч бусдыг хувийн зорилгоор мөрдөн мөшгөхийг гэмт хэрэгт тооцдог. Орхон аймгийн цагдаагийн эрүүгийн төлөөлөгч өөрийг нь шалгасан АТГ-ын ажилтны гар утасны яриа, зурвасын түүхийг хэвлүүлж авч, зөрүүлээд мөшгөсөн хэрэг ч гарч байлаа. Мэдлэг, мэргэжил, технологийг нь эзэмшсэн аюулгүйн албаны албан хаагчид нэгнээ зөрүүлж мөрддөг, мөшгөх явдал гаарвал аюул. Гэтэл зарим хуульч Гүйцэтгэх ажлын хуулиас “илрүүлэх төхөөрөмж” гэдэг үг хасуулах гэж Цэцэд хандаж үзэж байна. Гэтэл чагнах тагнах төхөөрөмжийг нь ч, тэрхүү төхөөрөмжийг илрүүлэх төхөөрөмжийг ч оруулж ирдэг сүлжээ нь хурандаа нарынх. Бүр тодорхой хэлбэл, дохиолол хамгаалалт, нэг бүрийн тусгай хэрэгсэл, сургалтын зэвсэг нэрийн дор оруулж ирдэг компаниуд бий. Энэ албадаас их юм гарна шүү. Хяналтаас гадуур байлгаж болдоггүй.
1990-ээд оны сүүлээр хүмүүс мөнгөтэй, бизнестэй болохын хэрээр Монголд шантаажууд (рекетүүд) бий болсон. Ихэнх нь шорон оронгоор дамжсан, алдах юмгүй, айх юмгүй болсон хүмүүс. Бусдад мөнгө зээлүүлээд буцааж авч чадахгүй байгаа компанийн захирлууд, хадгаламж зээлийн хоршоонынхон тэднийг хөлсөлж байсан. Өнөөдүүл нь орц, гэрийн үүд, ажил дээр нь отож байгаад айлгаж дарамталдаг, зодож нүдэж байгаад мөнгийг нь авч өгдөг байв. Тэднийг ерөнхийд нь “өр барагдуулагчид” гэдэг байсан, өөрсдийгөө бол “атаманууд” гэх юм билээ. Ном журмаар нь, цагдаа, шүүхээр яваад мөнгөө авъя гэвч хохирсон дээрээ хохироод үлддэг байсан тэр үеийн нийгэмд “өр барагдуулагчид” үнэхээр л хэрэгцээг нь хангадаг байж. Хүний хэрэгцээ дундрах биш дээ. Өр барагдуулагч нар олуулаа болж, даварцгаасан. Өөрсдөө очиж дээрэмддэг болсныг нь сүүлд хүчээр дарсан. Түүн шиг хүн мөрдүүлэх хэрэгцээ хүн төрөлхтний л адилаар монголчуудад бас байгаа нь илт.
Хувийн мөрдөх товчоо”, “Хувийн мөрдөгч”, “Хувийн мөрдлөг хийнэ” гэсэн фэйсбүүк хуудсууд руу хүмүүс юу бичиж хандаж байгааг үзлээ, уншлаа. Завхай нөхрөө хаана, юу хийж явааг баримтжуулж авахдаа мөнгөө хайрлахгүй шүү гэсэн эмэгтэйчүүдийн амлалт дийлэнх нь. Х.Бат-Ялалт тэргүүтний ярьдаг томчуудын гэмт хэргийг илрүүлэх, нийгмийн тэгш бус явдлын эсрэг сөрөн тэмцэх өрнүүн зорилго тэнд үнэхээр алга аа. Гэх мэтээр манай улсад байгаа “хувийн мөрдөгч”-ийн хэрэгцээ бол өнөөдөртөө авгай, нөхрийн хооронд зураг дарж, дуу бичиж мөшгөх л хэрэгцээ байна. Завхайрлаас үүдэж нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүлүүд салж байгаа нь харамсалтай. Хувийн мөрдлөгийг хуулиар зөвшөөрвөл хурандаа нарын хамгаалалтын байгууллагууд л стандарт хангаж, хүний гэр бүл, харилцаа, холбоо руу орж ирнэ. Хэн нэгний нөхөр, эхнэрийг мөрдөн мөшгөхөөр ч зогсохгүй. Эхэндээ хартай залуусын захиалга, хортой хүмүүсийн хонзонд дарагдана. Олж авсан яриа, бичлэг, гэрэл зураг, мэдээллээрээ шантааж хийгчид дагаад гарч ирнэ. Тэр мэдээллээр дамжуулж бусдын хөрөнгө чинээг дээрэмдэнэ, хийх ёсгүй ажлыг нь хийхийг албадаж эхэлнэ. Дараа нь шийдвэр гаргагчдыг, бизнес эрхлэгчдийг мөшгөж нээнтэглэн тохироо, наймаа хийн хууль бус үйлдэл рүү түлхэнэ. Үүнээс л монгол хүнээ, нийгмээ хамгаалах гэж хууль бусаар мөрдөн мөшгөх явдлыг гэмт хэрэг гэж Эрүүгийн хуульд бичсэн.

Хүн хувийн мэдээллээ өөрөө хамгаалах үүрэгтэй гэж Хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд бичжээ. Орон гэр, ажлын байр, автомашин, байнга үйлчлүүлдэг газарт нь нэг нөхөр төхөөрөмж суулгаад дуу, дүрсийг нь бичиж авч бусдад дамжуулж зараад, эсвэл шантаажлаад байгааг мэдэхийн тулд камер, долгион, GPS илрүүлэгч ашиглах хэрэгтэй болно. Гадаадад бол дэлгүүрт зарагддаг, интернэтээр захиад авч болдог эд л дээ. Харин Монголд энэ нь хориотой. Гүйцэтгэх ажлын хуульд, “Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл” гэж … илрүүлэхэд зориулагдсан техник, тоног төхөөрөмж, түүний бүрдэл хэсэг, программ хангамжийг хэлнэ” гээд заачихсан. Эрүүгийн хуульд, “... гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан…бол” гээд заачихсан.
Өөрөөр хэлбэл, өөрийгөө хамгаалахын тулд камер, долгион илрүүлэгч худалдаж аваад, ашигласан иргэнийг 6 сараас 3 жил хорих ялтай гэмт хэрэг юм.
Нэг үгээр бол УИХ өнөөдрийг хүртэл хууль бусаар мөрдөн мөшгөгдөхөөс өөрийгөө хамгаалах техник, технологийн боломжийг иргэддээ нээж өгөөгүй. Гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгсэл олж авах, улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах зөвшөөрөл олгох эрхийг зөвхөн Тагнуулын байгууллагад хуулиар олгожээ. Тагнуулын байгууллага нь хуулиар эрх олгоогүй байгууллага, албан тушаалтан, иргэний хувийн зорилгоор хэрэглэсэн гүйцэтгэх ажлын тусгай техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгох, шилжүүлэх, устгах эрх эдэлдэг байна. Уг нь энэ асуудлаар 2023, 2024 онд П.Ундрах-Эрдэнэ, Л.Галбаатар нарын хуульч нар Үндсэн хуулийн Цэцэд хандаж үзсэн. Цэц дунд суудлын хуралдаанаараа нааштайгаар шийдвэрлэсэн боловч энэ шийдвэрээ Их суудлын хуралдаанаараа өөрөө үгүйсгэснээр хаасан юм.