
Германы Засгийн газар өнгөрсөн сард Лейпцигийн нисэх онгоцны буудалд гарсан дроны халдлагын хариуцлагыг ОХУ-д тохож, үүнийг Москвагаас хэрэгжүүлж буй хайбрид довтолгооны нэг хэсэг хэмээн мэдэгдлээ.
Германы Дотоод хэргийн сайд Александр Добриндт болон Гадаад хэргийн сайд Иоханн Вадефуль нар Берлин хотноо хийсэн хэвлэлийн хурлын үеэр Оросын тал уг халдлагыг зохион байгуулах техник технологи, мэдээллээр хангаж, гүйцэтгэгчдийг хөлсөлсөн болохыг онцлов. Түүнчлэн 8 дугаар сарын 4-ний шөнө Лейпциг/Халле нисэх онгоцны буудалд Украины зэвсэг тээвэрлэхэд ашиглагддаг Антонов ачааны онгоцны ойролцоо 600 грамм тэсрэх бодис агуулсан дрон олдсон болохыг мэдээллээ. Уг тэсрэх төхөөрөмж ажиллаагүй тул аюулгүй өнгөрсөн байна.
Германы тал уг халдлагын хариуд ОХУ-ын эсрэг хэд хэдэн шаталсан арга хэмжээ авахаа зарлалаа. Үүнд Бонн хот дахь Оросын Консулын газрыг хаах, Берлин дэх Оросын соёл, шинжлэх ухааны төвийг байрнаас нь гаргах, Балтын болон Хойд тэнгист Оросын сүүдрийн флотоор шатахуун тээвэрлэх ажиллагаанд тавих хяналтыг чангаруулах, мөн олон тооны иргэдэд визийн хориг тавих зэрэг ажлууд багтаж байна. Түүнчлэн Европын Комиссоос боловсруулж буй Оросын 1600 гаруй компани, байгууллагыг хамарсан хориг арга хэмжээний 22 дахь багцыг Берлин дэмжиж байгааг баталлаа.
Европын Холбоо болон НАТО-гийн холбоотнууд Германд бүрэн эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Франц, Итали, Канадын төрийн тэргүүнүүд уг довтолгоог эрс шүүмжилсэн байна. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте Оросын оролцоог нотолсон хангалттай баримт байгааг онцолсон бол Европын Комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен ЕХ нэгдмэл байр суурьтай байх болно гэж мэдэгдэв.
Нөгөөтэйгүүр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы авч буй хориг арга хэмжээг "ноцтой алдаа" гэж нэрлээд, энэ нь Германы ард түмний ашиг сонирхолд нийцэхгүй, сонгогчдод таалагдах гэсэн үйлдэл хэмээн няцаасан байна.