
Шоо хаяж, дараагийн нүүдлээ тооцоолон өрсөлдөгчөөсөө урьтаж давуу байрлал эзлэх тактик ашиглаж, тоглоомын дүрмийг өөрийн талд эргүүлж, ширээний ард өрнөх чимээгүй тулаанд ялалт байгуулах тэрхүү мэдрэмж бол хөлөгт тоглоомын хамгийн гоё мөчүүдийн нэг.
Одоогоос яг арван жилийн өмнө ийм төрлийн тоглоом хүмүүсийн чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх энгийн нэг хэсэг байв. Найзууд, гэр бүлээрээ цугларахдаа ширээ тойрон сууж, хөзөр, шатар, даам, монополь зэрэг хөлөгт тоглоомоор ур ухаанаа уралдуулан тоглодог байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд бид энэ амьд хэв маягаасаа хөндийрч, сав л хийвэл утсаа атган, дижитал ертөнцөд л ихэнх цагаа өөрийн мэдэлгүй зориулах болжээ. Үүнээс үүдэж аливаа зүйлийг таашааж, одоо цагтаа амьдрахаас илүүтэй дэлгэцийн цаадах хийсвэр ертөнцийг тольдон суух болсон нь өнөөдрийн бидний нийтлэг дүр зураг болон хувирсан байна. Тэгвэл эл уйтгартай хэв маягаас залхсан залуус ойрын үед хөлөгт тоглоомыг дахин сонирхож, энэ зах зээлийг урьд хожид байгаагүйгээр хөдөлгөж эхэлжээ.
Хөлөгт тоглоом залуусын хараанд өртөх болсон нь зүгээр нэг тохиолдол биш. Энэ бүх давлагаа тэдний өдөр тутамдаа үздэг, хардаг, сонсдог цахим орчноос эхлэлтэй аж.

Тухайлбал, Netflix-ийн “The Queen’s Gambit” цуврал цацагдсаны дараа шатрын эрэлт эрс нэмэгджээ. Улмаар Google дээр “how to play chess” гэх хайлт түүхэндээ байгаагүйгээр өсөж, шатар тоглож сурахыг хүссэн хүмүүсийн давлагаа огцом үүсжээ. Үүнийг дагаад олон оронд шатрын клуб, board game cafe-г зорих хүмүүсийн цуваа ч тасрахаа байсан байна. Өнөөдөр TikTok, YouTube зэрэг платформ дээр залуус хөлөгт тоглоомын сонирхолтой явц, нарийн тактикуудыг богино хэмжээний бичлэг болгон хуваалцаж буй нь сая сая хандалт авч буй аж. Үүнээс гадна энэ оны дөрөвдүгээр сарын 24-нд дэлхий даяар нээлтээ хийсэн Майкл Жексоны амьдралыг харуулсан “Michael” кино дэлхий дахинд тэсрэлт хийж, түүнийг даган кинон дээр гардаг “Twister” хэмээх хөлөгт тоглоом олон улсад хэдхэн хоногийн дотор sold out буюу бүрэн зарагдаж дууссан байна. Тухайлбал, уг уран бүтээл цацагдсанаас хойш хэдхэн хоногийн дотор “Twister” тоглоомын борлуулалт олон улсын зах зээлд огцом өсгөж, Amazon дээр хөлөгт тоглоом ангилалд Twister борлуулалтаараа №1-т жагссан. Улмаар ердөө 48 цагийн дотор уг тоглоомын нөөц бүрэн дуусжээ. Кинон дээр Майкл Жексон ганцаардлаа мартахын тулд уг тоглоомыг маш их догдлон авдаг ч, ах нар нь түүнийг тоолгүй үлдээдэг сэтгэл өвдөм хэсэг гардаг. Энэхүү дүр зургийг үзсэн сая сая залуус поп хааныг хүндэтгэн, түүний дурсгалд зориулж уг тоглоомыг олноор худалдан авсан нь борлуулалтыг огцом нэмэгдүүлжээ.
“Michael” кино дэлхий дахинд тэсрэлт хийж, түүнийг даган кинон дээр гардаг “Twister” хэмээх хөлөгт тоглоом олон улсад хэдхэн хоногийн дотор бүрэн зарагдаж дууссан байна.Энэхүү цахим давлагааг дагаад хөлөгт тоглоомын дэлхийн зах зээл урьд хожид байгаагүйгээр тэлж 2026 оны байдлаар 17.45 тэрбум ам.долларт хүрсэн талаар дэлхийн зах зээлийн чиг хандлагыг судалдаг “Fortune Business Insights” болон олон улсын томоохон судалгааны “Mordor Intelligence” агентлагууд албан ёсны тайландаа онцолжээ. Салбарын шинжээчид энэхүү эрчтэй өсөлтийг цаашид ч тогтвортой үргэлжилж 2030 он гэхэд эл зах зээл 30 тэрбум ам.долларт хүрч тэлнэ хэмээн таамаглаж буй. Тэгвэл жил бүр 10 гаруй хувиар тогтвортой өсөж буй тус салбарыг өдгөө хүүхдүүд биш, харин 18-34 насны залуус илүүтэй сонирхон худалдан авч байгаа нь хөлөгт тоглоомыг дахин сэргэхэд эерэг нөлөө үзүүлж байгаа аж.
Хөлөгт тоглоомын түүх хэдэн мянган жилийн өмнөөс эхтэй. Археологичид өнөөгийн Иракийн нутаг дэвсгэрээс олдсон “Royal Game of Ur” тоглоомыг МЭӨ 2600 оны үеийн хамгийн эртний хөлөгт тоглоомуудын нэг хэмээн үздэг. Мөн эртний Египетэд “Senet” нэртэй тоглоом өргөн дэлгэрч байжээ. Харин өнөөдөр дэлхий даяар тоглогддог шатар нь МЭ VI зууны орчим Энэтхэгт үүсэж, Перс, Арабын ертөнцөөр дамжин Европт тархсан түүхтэй. Өмнө нь хөлөгт тоглоомыг зөвхөн язгууртан, цэргийн стратегичид эсвэл хүүхдийн зугаа гэж хардаг байсан бол XX зуунаас хойш өрхийн соёлын нэг хэсэг болж эхэлжээ.
Тэгвэл олон зууны түүхтэй эл соёл руу орчин үеийн залуус яагаад ингэж хүчтэй хошуурах болсон гол шалтгаан нь ердөө л “цахим ядаргаа” (Digital Fatigue)-аас зугтах хүсэл аж. Хөлөгт тоглоом залууст виртуал ертөнцөөс түр ч болов амсхийж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа нэг ширээний ард цуглах үнэ цэнтэй орон зайг олгодог. Үүнээс гадна шатар, даам, саятан, монополь, лудо зэрэг тоглоомууд нь чөлөөт цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тусалдаг төдийгүй сэтгэн бодох, стратеги боловсруулах чадварыг давхар хөгжүүлж, сэтгэхүйг идэвхтэй ажиллуулдаг байна.
Ширээний ард сууж, дараагийн нүүдлийг тооцоолох нь хүний асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ, шийдвэр гаргалт, ой санамж болон төвлөрөл зэрэг танин мэдэхүйн өргөн хүрээний ур чадваруудыг хөгжүүлдгээрээ бусад тоглоомоос хамаагүй илүү давуу талтай. Энэ нь залууст зөвхөн тархины дасгал болоод зогсохгүй, бусадтай нүүр тулан харилцаж, нэгнийхээ амьд сэтгэл хөдлөл, инээд хөөрийг бодитоор мэдрэх боломжийг олгодог байна.
Эцэст нь, ухаалаг утас биднийг дэлхийн нөгөө өнцөгт байгаа хүнтэй хормын дотор холбодог ч, дэргэд суугаа хүмүүстэйгээ амьд харилцаа үүсгэж, хором мөч бүрийг мэдэрч өнгөрүүлэх боломжийг хязгаарласаар буй. Тэгвэл хөлөгт тоглоом эргээд биднийг нэг орон зайд авчирч, мартагдаж байсан бодит харилцаа, одоо цагтаа хамт байх тэрхүү үнэ цэнтэй дулаан мэдрэмж, уур амьсгалыг дамжуулж өгч байгаагаараа орчин үеийн залуусын чухал сонголт болж чаджээ.